spectrum

spectrum

Thursday, May 28, 2015

Блогтойгоо эргэн золгохын учир



Эрхэм хүндэт блог танаа,
Сайн байна уу, удаан учраагүй нийтлэгч нь байна аа. Би гэдэг хүн хорвоотой танилцсаар яваад сайхан чамдаа анхаарал хандуулахгүй байсаар нилээдгүй хугацаа өнгөрч. Гэвч сэтгэл зүрх, тархиндаа үргэлж тээсээр явсан юм шүү. Сүүлийн пост орсноос хойш юу хийж явсан бэ гэж үү?
Аяласан, танин мэдсэн, нэг нас нэмэж ухаан тэлсэн. Олон хүмүүстэй танилцсан, хуучин андуудтайгаа эргэж уулзсан. Эрүүл мэнддээ илүү (бүр илүү) анхаардаг болсон. Өөртэйгөө илүү дотно танилцсан. Бусдын таалалд миний оршил байнга нийцэж байх албагүй гэдгийг улам бат ухаарсан. Нэрлээд байх юм бол дуусашгүй олон зүйлс болж.
Бас сүүлийн нэг зүйлд бат итгэлтэй байдаг болсон. Дөнгөж танилцсан хэн нэгний цаад мөн чанарыг хамгийн богино хугацаанд мэдэх арга юу гээч? Гэр бүлийнхэнтэйгээ, ялангуяа ээжтэйгээ хэрхэн харилцаж байгааг нь болгоомжтой ажиглаарай. Яг ямар хүн бэ гэдгийг нь алдаагүй, шууд  хэлээд өгнө. Блог-оосоо чөлөө авсан байх хугацаандаа иймэрхүү төрлийн ажиглалт хийж байлаа ш д. Хэхэ…
Ер нь хичнээн бат бөх холбоотой, хайртай дуртай байлаа гээд хүн аливаа зүйлсээс хэсэг зуур завсарлага авч байх хэрэгтэй. Тэгэж байж гэмээн юмсыг олон талаас нь бодож, ухаарч, ойлгохыг илүү хичээдэг юм шиг.  Хувийн орон зайгаа ариусгаж, ганцаараа бясалгахын сайн талуудыг надаар тайлбарлуулалтгүй мэдэж байгаа байлгүй дээ.
…Яг одоо шувуудын жиргээ сонсонгоо, кафейнгүй Американо уугаад сууж байна.  Даарах хүйтэнгүй, халах хүйтэнгүй, нам гүм орчин маань хиймэл ч юм шиг санагдах.  Гээд бичиж дуусаагүй байтал хэн нэг нь хажууд ирээд тамхи татаж эхлэх. Хэхэ… Сайхан, муухай хослон байдаг хорвоо юмдаа.
Та нарын байгаа орчин ямар байна? Дотор, гадна, ажил сургууль эсвэл гэртээ? Та байгаа орчиндоо сэтгэл хангалуун байна уу? Өөрчлөлт хийхээр зүйл ажиглагдана уу? Өөрөөс чинь шалтгаалах өөрчлөлт хэрэгтэй зүйлс байвал эргэлзэлгүй хийж эхлээрэй. Аливаа эрсдэлээс хулчийж хэр удаан хүсэл, бодлоо хойш тавих гэж?
Өнгөрсөн жил миний өөртөө наасан хамгийн сайн чанарууд юу гээч? Эрсдэлд бага багаар ч хамаагүй хуруугаа дүрж үздэг болсон. Бас бусдыг баяртай байлгах гэж өөрийн эрх ашгийг хойш тавьдгаа больсон. Овоо зүйл өөртөө наасан байгаа юм шүү тэ? Лол…
Айлгүй аливаа өөрчлөлтийг хийж, туршаад үзье?
Инээмсэглээрэй,
Nikki нь
2015 оны 5 сарын 28