Та нар хувцас хэрэглэл, эдлэл, ямараа нэгэн зүйл худалдан авахдаа юунд тулгуурлаж шийдвэрээ гаргадаг вэ? Үнэ, чанар, тухайн брэндийн нэр хүнд гэх зэрэг шалгуурууд байдаг байх. Сүүлийн үед хэт хурдан хувьсан солигдох загварын ертөнцийн тухай, мөн түүнээс үүдсэн бодлууд миний толгойноос гарахаа болилоо. Худалдан авч буй загварлаг, хямд хувцасны чинь цаана ямар урт, гунигтай түүх нуугдаж байдгийг харуулсан “True Cost” хэмээх баримтат киног хэтэрхий хүндээр хүлээж авч үзсэнийх л дээ.
Мөнгөн дүн хүнээс
илүү үнэ цэнэтэй байдаг болсон энэ нийгэмд томоохон брэндүүд хаана л хямд
үйлдвэрлэл явуулж болохоор байна тэр зүгрүү нүүдэллэдэг болоод удаж байгаа. Үүний
нэгэн тод жишээ гэвэл та яг одоо өмсөж буй хувцасныхаа шошгыг нэг хараарай.
Бангладеш, Энэтхэг, Камбож эсвэл Индонез улсад үйлдвэрлэв гэсэн байгаа.
Яагаад эдгээр улсууд гэж? Яагаад гэвэл тэнд үйлдвэрлэл
“новшийн” хямд, бараг үнэгүй шахам. Хүний хөдөлмөрийг үнэлэх бус, дээрэмдэн
мөлждөг газрууд. Бодоод үз л дээ, өдрийн 28 цент буюу сарын 38 Америк долларын
цалинтай. Хэрвээ ажиллахыг хүсэхгүй бол цаана нь хоосон хонохыг хүсээгүй
ажиллах хүч мянга мянгаараа бэлэн хүлээж байгаа.
Америк, Канадад үйл ажилаагаа явуулдаг бэлэн хувцасны
дэлгүүр, компаниуд дээрх хямд төсөр орнуудад байрлах үйлдвэрүүдэд захиалгаа
өгнө. Захиалсан хямд үнээр үйлдвэрдэж чадахгүй бол цаана нь ахиад л мөн ажил
авахад бэлэн байгаа үйлдвэрүүд өч төчнөөнөөрөө хүлээж байгаа.
Тэдгээр буурай хөгжингүй орнуудад байрлах үйлдвэрүүдтэй
хүний эрхийн талаар ярилцаад ч хэрэггүй. Яахав гэрээ байгуулж, мөнгөө өгч
авалцахдаа ажилчдынхаа эрх ашгийг дээдлэн хамгаалдаг гэсэн худал өгүүлбэр
оруулдаг юм шиг байгаа юм. Түүнийг нь худал гэдгийг захиалагчид, үйлдвэрийн
эзэд аль аль нь мэддэг ч дүлий дүмбэ оргиод, ашигаа бодож, тооцооллоо хийгээд
өнгөрдөг байх нь.
За тэгээд оёдлын үйлдвэрүүдэд хамгийн их осол гардаг. Он
удаан жил шинэчлэж засварлаагүй, стандартын бус газар үйл ажиллагаа явуулж
болохгүйг мэдсээр байж ажил үргэлжилнэ. Үүний үр дүнд байшин барилга нь нурна,
галын аюул нүүрлэнэ, мөн хүний амь зуу зуугаараа үрэгдэнэ. Хэвийн ажиллах
нөхцөл бүрдүүлэх талаар дээд албан тушаалтнууддаа гомдол гаргаад ямар ч
амжилтанд хүрдэггүйг, харин ч гомдоллоо гэж босож чадахгүй болтлоо зодуур
амсдагийг дээрх баримтат киноноос үзлээ.
Гэхдээ захиалагч компани болгон мөнгөөр нүдээ сохлуулсан бас
биш ажээ. Үйлдвэрийн ажилчдын ажиллах нөхцөл болон тэдний эрх ашиг, үйлдвэрлэлд
ашиглаж буй түүхий эд хэрхэн бий болж, байгаль орчинд хор нөлөөгүй үйл
ажилаагаа явуулан, хамтран ажиллаж байгаа компаниуд нь мөн эдгээр стандартыг
хангаж буй эсэхийг нэгд нэгэнгүй шалган биелүүлдэг бэлэн хувцасны дэлгүүрүүд бас
байдаг юм байна.
Үүнийг уншигч та болж өгвөл ийм төрлийн компанид
үйлдвэрлэсэн зүйлийг худалдан авахыг эрмэлзээч. Өөрийнхөө хэмжээнд судалгаагаа хийгээч. Үүний талаарх мэдээлэлийг тогтож нэг уншаач. Хоёрхон удаа өмсөөд хаях хямд
даашинз битгий худалдан аваач. Өөрт хэрэггүй зүйлсийг хямд үнээс нь болж битгий авч байгаач. Нэг даавуун футболка л гэхэд 200 жил болж байж хөрсөнд шингэж,
ууршин алга болдог гэж байгаа. Тэр явц нь байгаль орчинд ямар их хор уршиг
учруулж байгаа гээч. Тэгээд энэ бохирдсон дэлхий дээр чинь үр хүүхдүүд чинь
үлдэнэ биздээ?
Өдөр, хоногоо яаая гээд амьдрах гэж ядаж байхад юун хямд юм
битгий аваач гээд тэнэгтээд байна аа гэж бодож байна уу? Цаад үр дагаварын
харин ахиад нэг бодоод үзээрэй. Бусдад гайхуулах гэж ч юмуу өөрт хэрэггүй зүйлс
худалдан авдаг зан, материализмийг одоо болих хэрэгтэй.
Үдлээд буцах байж ойр тойрон, байгаль дэлхийд багахан
хохирол учруулаад буц л даа. Юм гэдэг ер нь тэгээд наад захын л зүйлсээс
эхэлдэг. Тог усандаа гамтай, хог хаягдлаа зөв боловсруулчихдаг бол та дэлхийн
дулааралд хувь нэмрээ оруулалгүй, үүргээ онц биелүүлээд буцаж байгаа гэж ойлгож
болно шүү.
Байгаа орчиндоо "айхтар" хохирол учруулахгүйг хичээдэг бол...
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2015 оны 8 сарын 15
No comments:
Post a Comment