Хүн хүн шиг байхын тухай өмнө нь олон л бичлэг оруулж байлаа. Энэ удаад эмэгтэй хүн эмэгтэй хүн шиг байхын тухай бичье.
Эмэгтэй хүн байна аа… Хэн нэгнээр зөвшөөрүүлэх гэж
зүдрээд байлгүй, өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Хэн хүнээс илүү гарах гэсэн
худлаа нэгэн байгаад хэрэггүй ээ. Сайхан өөрийнхөөрөө л амьдар. Сүүлд нь
харамсах зүйл гарахгүй, амар.
Дээр нь нэмээд бага зэрэг утгатай амьдарна шүү. Өөрийгөө сайхан
хүмүүсээр хүрээлүүл. Өөрт чинь урам зориг өгөхөөр хүмүүстэй ойрхон амьдар.
Сөрөг энергийг хараагүй, сонсоогүй юм шиг инээмсэглэ.
За тэгээд сайхан амралтын өдөр, эсвэл гэртээ өнжих өдрөө
уруулаа час улаанаар будмаар байвал будчих. Нүүрэндээ юм хүргэмээргүй байвал
бас больчих.
Таалагдсан хувцасаа өмс. Бусдын амнаас айж, хулчийсаар
байтал энэ амьдрал чинь өнгөрлөө. Ер нь бол өөрөө өөртөө таалагдана аа
гэдэг чинь энэ амьдралын гол утга юм байгаа биздээ.
Өөртөө зогсолтгүй хөрөнгө оруулалт хий. Байнга суралц, асуу,
сониуч бай. Эрчүүдтэй мөр зэрэгцээд алх. Тэдний хийдгийг ч хий. Тэд өндөр албан
тушаалд өндөр цалинтай дарвиж байна уу? Чи ч гэсэн тэр байр сууринд байх боломж
бүрэн нээлттэй.
Хэн нэгнийг битгий гуйж амьдар. Зөвхөн өөрт чинь хайрлах,
халамжлахын дээдийг мэдрүүлэх нэгэнтэй хамт бай. Нааш гэсэн болгон дээр битгий
очиж наалд. Чи эмэгтэй хүн болохоос гэрэл хайж дэрвэсэн дэнгийн эрвэйхий биш.
Өөрийгөө хайрласан шийдвэр гаргаж бай.
Хов живнээс хол бай. Шаардлагагүй тохиолдолд хэрүүл, уруул
бүү хий. Дотор чинь гал дүрэлзэж байсан ч шүд зуугаад инээмсэглээд өнгөрнө
гэдэг айхтар чадвар юм шүү. Бусдад найрсаг бай. Хүмүүстэй мэндэл. Энэ дэлхий
учраа мэдэхгүй адгуусных шиг бүдүүлэг авираар дүүрчихвэл ямар гутам гээч.
Зоригтой, сэтгэлийн хаттай бай. Гомдоллож нуршсан гэрийн
эзэгтэй гэр бүлдээ ямар энерги тараадгийг мэдэх байлгүй.
Хамгийн гол нь - Үнэ цэнэтэй бай. Ихэмсэг бай. Ёс мэддэг бай. Бас инээмсэглэ...
Nikki нь
2015 оны 7 дугаар сарын 19
No comments:
Post a Comment