spectrum

spectrum

Saturday, August 15, 2015

Материализм


Та нар хувцас хэрэглэл, эдлэл, ямараа нэгэн зүйл худалдан авахдаа юунд тулгуурлаж шийдвэрээ гаргадаг вэ? Үнэ, чанар, тухайн брэндийн нэр хүнд гэх зэрэг шалгуурууд байдаг байх. Сүүлийн үед хэт хурдан хувьсан солигдох загварын ертөнцийн тухай, мөн түүнээс үүдсэн бодлууд миний толгойноос гарахаа болилоо. Худалдан авч буй загварлаг, хямд хувцасны чинь цаана ямар урт, гунигтай түүх нуугдаж байдгийг харуулсан “True Cost” хэмээх баримтат киног хэтэрхий хүндээр хүлээж авч үзсэнийх л дээ.

Мөнгөн дүн хүнээс илүү үнэ цэнэтэй байдаг болсон энэ нийгэмд томоохон брэндүүд хаана л хямд үйлдвэрлэл явуулж болохоор байна тэр зүгрүү нүүдэллэдэг болоод удаж байгаа. Үүний нэгэн тод жишээ гэвэл та яг одоо өмсөж буй хувцасныхаа шошгыг нэг хараарай. Бангладеш, Энэтхэг, Камбож эсвэл Индонез улсад үйлдвэрлэв гэсэн байгаа.

Яагаад эдгээр улсууд гэж? Яагаад гэвэл тэнд үйлдвэрлэл “новшийн” хямд, бараг үнэгүй шахам. Хүний хөдөлмөрийг үнэлэх бус, дээрэмдэн мөлждөг газрууд. Бодоод үз л дээ, өдрийн 28 цент буюу сарын 38 Америк долларын цалинтай. Хэрвээ ажиллахыг хүсэхгүй бол цаана нь хоосон хонохыг хүсээгүй ажиллах хүч мянга мянгаараа бэлэн хүлээж байгаа.   

Америк, Канадад үйл ажилаагаа явуулдаг бэлэн хувцасны дэлгүүр, компаниуд дээрх хямд төсөр орнуудад байрлах үйлдвэрүүдэд захиалгаа өгнө. Захиалсан хямд үнээр үйлдвэрдэж чадахгүй бол цаана нь ахиад л мөн ажил авахад бэлэн байгаа үйлдвэрүүд өч төчнөөнөөрөө хүлээж байгаа.

Тэдгээр буурай хөгжингүй орнуудад байрлах үйлдвэрүүдтэй хүний эрхийн талаар ярилцаад ч хэрэггүй. Яахав гэрээ байгуулж, мөнгөө өгч авалцахдаа ажилчдынхаа эрх ашгийг дээдлэн хамгаалдаг гэсэн худал өгүүлбэр оруулдаг юм шиг байгаа юм. Түүнийг нь худал гэдгийг захиалагчид, үйлдвэрийн эзэд аль аль нь мэддэг ч дүлий дүмбэ оргиод, ашигаа бодож, тооцооллоо хийгээд өнгөрдөг байх нь.

За тэгээд оёдлын үйлдвэрүүдэд хамгийн их осол гардаг. Он удаан жил шинэчлэж засварлаагүй, стандартын бус газар үйл ажиллагаа явуулж болохгүйг мэдсээр байж ажил үргэлжилнэ. Үүний үр дүнд байшин барилга нь нурна, галын аюул нүүрлэнэ, мөн хүний амь зуу зуугаараа үрэгдэнэ. Хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэх талаар дээд албан тушаалтнууддаа гомдол гаргаад ямар ч амжилтанд хүрдэггүйг, харин ч гомдоллоо гэж босож чадахгүй болтлоо зодуур амсдагийг дээрх баримтат киноноос үзлээ.

Гэхдээ захиалагч компани болгон мөнгөөр нүдээ сохлуулсан бас биш ажээ. Үйлдвэрийн ажилчдын ажиллах нөхцөл болон тэдний эрх ашиг, үйлдвэрлэлд ашиглаж буй түүхий эд хэрхэн бий болж, байгаль орчинд хор нөлөөгүй үйл ажилаагаа явуулан, хамтран ажиллаж байгаа компаниуд нь мөн эдгээр стандартыг хангаж буй эсэхийг нэгд нэгэнгүй шалган биелүүлдэг бэлэн хувцасны дэлгүүрүүд бас байдаг юм байна.

Үүнийг уншигч та болж өгвөл ийм төрлийн компанид үйлдвэрлэсэн зүйлийг худалдан авахыг эрмэлзээч. Өөрийнхөө хэмжээнд судалгаагаа хийгээч. Үүний талаарх мэдээлэлийг тогтож нэг уншаач. Хоёрхон удаа өмсөөд хаях хямд даашинз битгий худалдан аваач. Өөрт хэрэггүй зүйлсийг хямд үнээс нь болж битгий авч байгаач. Нэг даавуун футболка л гэхэд 200 жил болж байж хөрсөнд шингэж, ууршин алга болдог гэж байгаа. Тэр явц нь байгаль орчинд ямар их хор уршиг учруулж байгаа гээч. Тэгээд энэ бохирдсон дэлхий дээр чинь үр хүүхдүүд чинь үлдэнэ биздээ?

Өдөр, хоногоо яаая гээд амьдрах гэж ядаж байхад юун хямд юм битгий аваач гээд тэнэгтээд байна аа гэж бодож байна уу? Цаад үр дагаварын харин ахиад нэг бодоод үзээрэй. Бусдад гайхуулах гэж ч юмуу өөрт хэрэггүй зүйлс худалдан авдаг зан, материализмийг одоо болих хэрэгтэй.

Үдлээд буцах байж ойр тойрон, байгаль дэлхийд багахан хохирол учруулаад буц л даа. Юм гэдэг ер нь тэгээд наад захын л зүйлсээс эхэлдэг. Тог усандаа гамтай, хог хаягдлаа зөв боловсруулчихдаг бол та дэлхийн дулааралд хувь нэмрээ оруулалгүй, үүргээ онц биелүүлээд буцаж байгаа гэж ойлгож болно шүү.    

Байгаа орчиндоо "айхтар" хохирол учруулахгүйг хичээдэг бол...

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2015 оны 8 сарын 15

Sunday, July 19, 2015

Эмэгтэй хүн




Хүн хүн шиг байхын тухай өмнө нь олон л бичлэг оруулж байлаа. Энэ удаад эмэгтэй хүн эмэгтэй хүн шиг байхын тухай бичье.
Эмэгтэй хүн байна аа… Хэн нэгнээр зөвшөөрүүлэх гэж зүдрээд байлгүй, өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Хэн хүнээс илүү гарах гэсэн худлаа нэгэн байгаад хэрэггүй ээ. Сайхан өөрийнхөөрөө л амьдар. Сүүлд нь харамсах зүйл гарахгүй, амар.
Дээр нь нэмээд бага зэрэг утгатай амьдарна шүү. Өөрийгөө сайхан хүмүүсээр хүрээлүүл. Өөрт чинь урам зориг өгөхөөр хүмүүстэй ойрхон амьдар. Сөрөг энергийг хараагүй, сонсоогүй юм шиг инээмсэглэ.
За тэгээд сайхан амралтын өдөр, эсвэл гэртээ өнжих өдрөө уруулаа час улаанаар будмаар байвал будчих. Нүүрэндээ юм хүргэмээргүй байвал бас больчих.
Таалагдсан хувцасаа өмс. Бусдын амнаас айж, хулчийсаар байтал энэ амьдрал чинь өнгөрлөө. Ер нь бол өөрөө өөртөө таалагдана аа гэдэг чинь энэ амьдралын гол утга юм байгаа биздээ.
Өөртөө зогсолтгүй хөрөнгө оруулалт хий. Байнга суралц, асуу, сониуч бай. Эрчүүдтэй мөр зэрэгцээд алх. Тэдний хийдгийг ч хий. Тэд өндөр албан тушаалд өндөр цалинтай дарвиж байна уу? Чи ч гэсэн тэр байр сууринд байх боломж бүрэн нээлттэй.
Хэн нэгнийг битгий гуйж амьдар. Зөвхөн өөрт чинь хайрлах, халамжлахын дээдийг мэдрүүлэх нэгэнтэй хамт бай. Нааш гэсэн болгон дээр битгий очиж наалд. Чи эмэгтэй хүн болохоос гэрэл хайж дэрвэсэн дэнгийн эрвэйхий биш. Өөрийгөө хайрласан шийдвэр гаргаж бай.
Хов живнээс хол бай. Шаардлагагүй тохиолдолд хэрүүл, уруул бүү хий. Дотор чинь гал дүрэлзэж байсан ч шүд зуугаад инээмсэглээд өнгөрнө гэдэг айхтар чадвар юм шүү. Бусдад найрсаг бай. Хүмүүстэй мэндэл. Энэ дэлхий учраа мэдэхгүй адгуусных шиг бүдүүлэг авираар дүүрчихвэл ямар гутам гээч.
Зоригтой, сэтгэлийн хаттай бай. Гомдоллож нуршсан гэрийн эзэгтэй гэр бүлдээ ямар энерги тараадгийг мэдэх байлгүй.    
Хамгийн гол нь - Үнэ цэнэтэй бай. Ихэмсэг бай. Ёс мэддэг бай. Бас инээмсэглэ...  
Nikki нь
2015 оны 7 дугаар сарын 19

Thursday, May 28, 2015

Блогтойгоо эргэн золгохын учир



Эрхэм хүндэт блог танаа,
Сайн байна уу, удаан учраагүй нийтлэгч нь байна аа. Би гэдэг хүн хорвоотой танилцсаар яваад сайхан чамдаа анхаарал хандуулахгүй байсаар нилээдгүй хугацаа өнгөрч. Гэвч сэтгэл зүрх, тархиндаа үргэлж тээсээр явсан юм шүү. Сүүлийн пост орсноос хойш юу хийж явсан бэ гэж үү?
Аяласан, танин мэдсэн, нэг нас нэмэж ухаан тэлсэн. Олон хүмүүстэй танилцсан, хуучин андуудтайгаа эргэж уулзсан. Эрүүл мэнддээ илүү (бүр илүү) анхаардаг болсон. Өөртэйгөө илүү дотно танилцсан. Бусдын таалалд миний оршил байнга нийцэж байх албагүй гэдгийг улам бат ухаарсан. Нэрлээд байх юм бол дуусашгүй олон зүйлс болж.
Бас сүүлийн нэг зүйлд бат итгэлтэй байдаг болсон. Дөнгөж танилцсан хэн нэгний цаад мөн чанарыг хамгийн богино хугацаанд мэдэх арга юу гээч? Гэр бүлийнхэнтэйгээ, ялангуяа ээжтэйгээ хэрхэн харилцаж байгааг нь болгоомжтой ажиглаарай. Яг ямар хүн бэ гэдгийг нь алдаагүй, шууд  хэлээд өгнө. Блог-оосоо чөлөө авсан байх хугацаандаа иймэрхүү төрлийн ажиглалт хийж байлаа ш д. Хэхэ…
Ер нь хичнээн бат бөх холбоотой, хайртай дуртай байлаа гээд хүн аливаа зүйлсээс хэсэг зуур завсарлага авч байх хэрэгтэй. Тэгэж байж гэмээн юмсыг олон талаас нь бодож, ухаарч, ойлгохыг илүү хичээдэг юм шиг.  Хувийн орон зайгаа ариусгаж, ганцаараа бясалгахын сайн талуудыг надаар тайлбарлуулалтгүй мэдэж байгаа байлгүй дээ.
…Яг одоо шувуудын жиргээ сонсонгоо, кафейнгүй Американо уугаад сууж байна.  Даарах хүйтэнгүй, халах хүйтэнгүй, нам гүм орчин маань хиймэл ч юм шиг санагдах.  Гээд бичиж дуусаагүй байтал хэн нэг нь хажууд ирээд тамхи татаж эхлэх. Хэхэ… Сайхан, муухай хослон байдаг хорвоо юмдаа.
Та нарын байгаа орчин ямар байна? Дотор, гадна, ажил сургууль эсвэл гэртээ? Та байгаа орчиндоо сэтгэл хангалуун байна уу? Өөрчлөлт хийхээр зүйл ажиглагдана уу? Өөрөөс чинь шалтгаалах өөрчлөлт хэрэгтэй зүйлс байвал эргэлзэлгүй хийж эхлээрэй. Аливаа эрсдэлээс хулчийж хэр удаан хүсэл, бодлоо хойш тавих гэж?
Өнгөрсөн жил миний өөртөө наасан хамгийн сайн чанарууд юу гээч? Эрсдэлд бага багаар ч хамаагүй хуруугаа дүрж үздэг болсон. Бас бусдыг баяртай байлгах гэж өөрийн эрх ашгийг хойш тавьдгаа больсон. Овоо зүйл өөртөө наасан байгаа юм шүү тэ? Лол…
Айлгүй аливаа өөрчлөлтийг хийж, туршаад үзье?
Инээмсэглээрэй,
Nikki нь
2015 оны 5 сарын 28  

Friday, April 17, 2015

Spring 2015, Favorites

Үе үехэн дуртай дуунуудынхаа листийг блог дээрээ бас оруулах юмаа. Доорх дуунуудыг яг одоогоор буюу сүүлийн 7 хоног зай завсаргүй сонсож байгаа бөгөөд маргааш, нөгөөдөр гэхэд уйдчихна гэдгээ ч мэдэж байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа сонсдог байсан дуунуудаа сонсохоор эргээд дурлачихдаг тэ?
   
Nick Jonas - Chains 

Видео нь их таалагддаг. Ялангуяа "The Wynwood Walls" хувилбар нь. Ер нь Nick Jonas-г нас нэмэх тусмаа халуухан болоод байгаа залуучуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Яагаав Jonas Brothers-д байхдаа инээдтэй хүүхэд байгаагүй юу? 



Emeli Sande - Read All About It 

Stefian Biniak-н хийсэн микс нь үнэндээ л гайхалтай. Хэдэн жилийн өмнө энэ дууг анх гарч байхад нь бараг л донтож сонсдог байснаа мартчихаж. Саяхан нэг ресторанд сууж байтал гэнэт яваад өнгөрсөний дурсамжуудыг яг нүдний өмнө аваад ирдэг. Гайхалтай аялгуу, гайхалтай мэдрэмж. Чихэвчээрээ сонсоод нүдээ анихад өөр ертөнцөд очоод ирсэн юм шиг л болдог.   



Kendrick Lamar - King Kunta

За нөгөөх чинь бас ийм дуу сонсох юмаа. Сонссоор байгаад үгийг нь цээжээр мэдэх юмаа. Дасгал хийж байхдаа сонсох бүр урамтай байдаг. Видеон дээр нь гардаг хүүхнүүдийг би лав халуухан л гэж хэлнэ. Kendrick Lamar бол чанартай, утгатай уран бүтээл хийдэг цөөхөн репперийн нэг. Өгзөг, хөх, мөнгө дуулсан юмнуудын хажууд бол од л доо.



Robin Schulz - Sun Goes Down 

Бүхэл бүтэн 6 сарын өмнө нийтийн хүртээл болсон энэ сайхан дууны хаагуур зөрөөд өнгөрснөө мэдэхгүй юм. Саяхан олж сонсоод тэр чигтээ сэтгэлээс гараагүй. Нэг тийм энгийн хэрнээ амьдралын чихэрлэг амтыг дахин сануулмаар дуу. 



Milky Chance - Stolen Dance

Бас л ахин дурласан дуу. Нэг л тийм дураараа, салхи шиг мэдрэмжтэй. Дуучин нь ичимхий, яриа муутай залуу хэрнээ яг дуулаад эхлэнгүүтээ "Энэ хоолойгоороо зүгээр л та нарыг будаа болгоно шүү!!!!" гэж байгаа юм шиг л хүчтэй байдаг нь их сонин санагддаг. Төрөлхийн авъяас гэж л тэр байх. Бас энэ дууг сонсоод хайртай хүнээ санаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү? ;)




Та нар бас санал болгох дууныхаа листийг надруу илгээгээрэй.

Дуртай дуугаа сонсоод амралт, энерги аваад хорвоог ахиад нэг өөр талаас нь хараад үзээрэй.



Инээмсэглээрэй,

Nikki нь.

2015 оны 04 сарын 17

Tuesday, March 31, 2015

Хэрхэн “үнэтэй” хувцаслах вэ?



Сайхан харагдахын тулд өр зээл тавин байж үнэтэй хувцасаар гангарах албагүй. Доорх хэдхэн зөвлөгөөг хэрэгжүүлээд сурчихсан байхад хаана ч магтаалын үгийг сонссоор байна гэдэгт итгэлтэй байна.  

  • Форм маягийн хувцаснууд: Богино хар даашинз, зөөлөн өнгийн цамц, хар өнгийн жинсийг хаанаас л бол хаанаас худалдаж авна. Авах боломж өөрт тань байгаа бол аваад л бай. Олон төрөл, загварын биш ч дээрх хэдэн классик төрлийн хувцаснуудтай байхад гайхалтай сайхан харагдана.
  • Цэгцтэй байдал: Замбараагүй хувцаслалт хэзээ ч үнэтэй харагддаггүй. Тиймээс ерөнхий хувцаслалт, чимэг зүүлт, нүүр будалтаа цэгцтэй, минимал байлгавал зохино.
  • Энгийн зүйлс: Өөр зүйлст биш юмаа гэхэд гутал, цүнхэндээ хөрөнгө оруулалт хийх. Айхтар үнэтэй биш юмаа гэхэд энгийнг арьсан цүнх, намхан гутал таныг сайхан харагдуулах болно.
  • Жинхэнэ бай: Хуурамч арьсан эдлэл бүү хэрэглэ (гутал/цүнх г.м). Хэзээ ч шүү. Хэнийг ч биш өөрийгөө л хуурч байгаа хэрэг шүү дээ.
  • Логотой зүйл хэрэггүй: Брэндүүдийн лого-гоор гангарах сурталчилгааны самбар биш дээ ямар. Цүнх дүүрэн лого барьж явах тийм ч эрхэмсэг харагддаггүй.
  • Цамц: Нимгэн ноосон цамцаа мөрөн дээгүүрээ тавиад үздээ? Наяад оныг санагдуулам энэ төрх гарцаагүй “үнэтэй” харагдаж байгаа биз?
  • Хэт хуучин биш: Ямар ч зүйл өмсөж, зүүсэн бай тэрхүү зүйл чинь урагдаагүй, зурагдаагүй, шинэвтэр байдлаа хадгалсан байвал зохино.
  • Хасуулах: Хувцасаа өөрийн биед тааруулан хасуулах нь цэгцтэй харагдах  бас нэгэн гол үндэс юм шүү.
  • Хумс: Хумс будалтаа аль болох энгийн байлгах. Тод неон өнгө, хиймэл хумсанд “ҮГҮЙ” гэж хэл.
  • Эмэгтэйлэг байдал: Кеннидигийн гэр бүлийн эмэгтэйчүүдийн хувцаслалтыг санаж байна уу? Тэдэнтэй адил эмэгтэйлэг байдлаа үргэлж тодотгон илэрхийл.
  • Сайн чанарын, үнэтэй үнэртэн хувцаслалттай чинь ижил хэмжээний үүрэг гүйцэтгэнэ.
  • Чимэг, зүүлт: Том хэмжээний хүзүүний зүүлт, энгийн диамонд ээмэг, ер нь ямар ч чимэг зүүлт байсан сайн хөрөнгө оруулалт хийж байгаарай.
  • “Би бийлэгжүү хүн хувцаслалт”: Хөх өнгийн пиджак. Хүзүүтэй цамц. Тэднийг хамтад нь өмс.
  • Өмнө нь мэддэггүй байсан байж болно, гэхдээ одоо хэзээ ч бүү март: Хоёрхон л үг: Шаргал. Пальто.
  • Эмэгтэйчүүд минь, сувдан зүүлтээ мартваа: Алийг нь зүүхээ мэдэхгүй тохиолдолд сувдан ээмэг, зүүлтээ л сонго.
  • Толгойноосоо хөлийн ул хүртлээ нэг өнгө: Хар. Дан хар өнгийн хувцаснууд нэг дор өмсөх нь “Миний өмсөж буй бүхий л зүйлс үнэ бүхий бөгөөд би хамгийн загварлаг” гэсэн мэдээлэлийг тараадаг.
  • Цаг бол бүхий л зүйл: Заавал Rolex юмуу Cartier Tank байх албагүй ч сайн чанарын цаг зүүх нь хүчирхэг, нөлөө бүхий харагдуулна.
  • Зэрлэг: Африкийн зэрлэг амьтад шиг харагдах гээгүй л бол тахь юмуу барын хээтэй хувцаснаас зайлсхийхийг сануулъя.
  • Үс: Цаг ямагт засалт сайтай, цэвэр, цэгцтэй үстэй байх хэрэгтэй. Боломжтой бол сэнсдүүлчихэж бай.
Эх сурвалж: harpersbazaar

Инээмсэглээрэй,

2015 оны 3 сарын 31

Saturday, March 28, 2015

Муухай ш д


Энэ надаас холдоод хаа хүрдэг юм гэсэн шиг аашилдаг зан хамгийн гомдмоор зан. Хайртай хүмүүсийнхээ үг хэлэх, үйлдэл хийх, ерөнхийдөө эрх чөлөөг нь болж өгвөл боох санаатай гэсэн үг. Хамгийн наад захын жишээ гэвэл эхнэр эсвэл нөхрийнхөө зүг ирэлчихсэн юм шиг үг нисгэдэг зан байна. Ямар ч болгоомжлолгүй, хорвоо дээрх хамгийн муухай үгсийг сонгож хэлээд байна уу гэлтэй дураараа хэлж л орхидог.

Анх дурлалцаж, найрч байхдаа хэлдэг байсан чихэр, жимс шиг үгнүүд яасан бээээ? Тэгээд л үгийн зөрөөгүй уурлаад, уцаарлаад байна уу? Болохгүй ш дээ, болохгүй ш д. Муухай шд энэ чинь одоо. Хайртын чинь дүүрэн байсан сэтгэл бас дундардаг юм шүү. Тэвчээр гэгч зүйл хил хязгаартай. Анх ямар хайр халамж, хүндлэл үзүүлдэг байсан тэр л хэвээрээ л байгаа ч дээ. Чадахгүй бол зайгаа тавиад өг л дөө.

Хүн ер нь бусдад яаж хандаж байгаагаар өөртөө хэрхэн ханддагийг мэдэх боломжтой шүү. Бусдад хэрхэн хүндэтгэл үзүүлж байгаагаар өөрийгөө ямар хэмжээнд хүндэтгэдгийг амархан гэгч нь олоод харчихна.

Аа гэхдээ бас өөрийгөө хэнээс ч илүүтэйгээр дээгүүр таьчихсан, өөрийнхөө эрхийг хэт дөвийлгөсөн нэгэн бас муухай ш д. Холхоноос, томхоноор нь аваад үзвэл бүгд л ив ижилхэн өчүүхэн амьтад шүү дээ бид нар чинь.

За бас ойр дотныхондоо муухай ханддаг бас нэгэн асуудал байна аа. Жишээ нь гэр бүлийнхэн. “Энэ. Намайг. Яаж ч. Чадахгүй.” гэсэн хандлагаар харьцдаг. Сайн ярих юм бол ар гэрийнхэн чинь байхгүй бол ЧИ хэн юм бээээ? Хуруу дарам хэдэн сайхан найзууд байдаг л юм. Тоо томшгүй олон хамаатан, садан байдаг л юм. Ямарваа нэгэн тохиолдолд баттай ар чинь байж чаддаг гэр бүлийнхэндээ шаардалагатай хэмжээний хүндэтгэлийг байнга үзүүлэхгүй бол муухай ш д. Гомдоно ш д.

За тэгээд л гоё өөрийгөө ч, бусдыг ч хүдэтгээд, эрх чөлөөг нь эдлүүлээд, өөрчлөх гэж оролдолгүй, ямарваа зүйлээр айлгаж сүрдүүлэлгүй, өөрийгөө заавал илүү эрхтэй гэж зүтгэлгүй энгийн хөөрхөн байгаарай за юу. Би байнга сануулдаг шүү. Хийсэн муухай бүхэн эргэж ирдэг ээ гэж.   

Хамтран ажиллагсад, найз нөхөд, танихгүй нэгэн, өөр хэний ч байсан хувийн эрх чөлөөнд халдалгүй, тэдний ертөнцийн хилийг даваагүй бол...

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2015 оны 3 дугаар сарын 28

     

Saturday, February 28, 2015

Хүсэл эсвэл шаардлага?




Мөрөөдлийнхөө хэн нэгэнтэй учраад хайрлах бас хайрлуулахын жаргалыг санаж байна уу? Гэгэлзсэн, санасан, мөрөөсөл болсон үеүүд гоё. Хагацаж, салж чадахгүй бие биерүүгээ тэмүүлж, хамтдаа ирээдүйгээ төлөвлөж, замд таарсан бүхий л саад бэрхшээлийг цугтаа даваад.   

Гэнэт нэг өдөр хязгааргүй хайртай байсан хүнтэйгээ сэтгэл зүрхээрээ холбогдохгүй байгаагаа мэдэрч болох юм. Энэ мэдрэмжээ өөрөөсөө нууж, өөртэйгөө санал нийлэхгүй сөргөлдөж нэг үзнэ. Эцсийн эцэст сэтгэлд хайр биш дассан сэтгэл л үлдсэн болохыг олж мэддэг.

Хайртай хэвээрээ байгаа эсэхээ яаж мэдэх вэ гэх асуулт асуусан олон хүнтэй уулзаж байлаа. Зүгээр л дассан сэтгэлээрээ хоргодоод, болгох гээд хичээгээд байгаа хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. 

Хэн нэгэнтэй хамт байх хүсэл чинь шаардлага болсон цагт хүн өөртэй итгэлгүй нэгэн болчихдог гэлтэй. Түүнээс хараат, тэр л байхгүй бол болохгүй, бүтэхгүй мэт санадаг юм шиг байгаа юм. Хүсэл болон шаардлага гэх хоёр асар ялгаатай хэрнээ тэдэнд адил шинж чанарууд ч байна. 

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хайрлахыг, хамтдаа байхыг хүсдэг байсан хүн чинь амьдралын чинь “шаардлага” болсон байдаг. Өөрөөсөө өөр хүнээс хамааралтай болчихно гэдэг сонин зүйл шүү. Айхтар хүсээд байхаар зүйл мөн юм уу?

Холдож салахаар боллоо гэхэд өөрийг чинь хүрээлж байсан хамгаалалт  үгүй болчихсон мэт санагдана. Энэ харин “хайр” биш шүү. Өнгөрснийг явуулахгүй гэж хичээсэн бас дассан сэтгэл л юм. “Хосууд дассан сэтгэлээр хамт байна гэдэг ирээдүйн аз жаргалыг хугасалж буй хэрэг” гэснийг хаа нэгтээгээс уншиж байлаа. 

Хайр хар эсвэл цагаан биш. Хайр харин саарал өнгөтэй. Сэтгэлд хайрын гэрэл байхгүй хэрнээ өнгөрсний төлөө хамтдаа байхыг чухалчлах зөв үү? Тэр гэрэл ахиж асдаг гэж үү? Эсвэл эд юмс шиг засаж, залруулж болдог юм уу? Яг өмнөхтэй чинь ижил биш ч хайр хаана ч ямагт байдаг. Харин та итгэж, нээлттэй л байх хэрэгтэй.  

Энэхүү постыг би ямар нэгэн утга учиртай, тодорхой төгcгөлтэй байгаасай гэж хүссэнгүй. Зүгээр л энэ мөчид бодогдсон бүхий л зүйлсээ сийрүүллээ. Мөн энэхүү бичвэрийг уншаад өөрийн чинь хайр сэтгэлийн харилцаанд ямар нэгэн өөрчлөлт гараасай гэж хүсээгүй юм шүү. Эцсийн эцэст таны харилцаанд хэн ч зөвлөгөө өгөх, та түүнийг нь авах эрхгүй. Учир нь хүн бүхний амьдрал өөр.   

Инээмсэглээрэй,

2015 оны 3 дугаар сарын 1

Friday, February 27, 2015

Сэтгэл өмөрч байна...





Би тэр мэдээг уншаагүй. Уншихгүй. Зургийг нь 2 секунд харчихаад ахиж надад харагдахгүй тохируулга дээр тавьчихсан. Хүмүүсийн амнаас сонсохнээ арай дэндүү гэхэд дэндүү хэрэг гарч...

Муу, муухай зүйлсийн талаар блог дээрээ бичдэггүй бас ахиж бичихгүй. Энэ удаад, ганц л удаа бичье. 

Хүн хүн биш, эх нь эх биш, эцэг нь эцэг биш.. Хайрлаж чадахгүй юм бол яах гэж төрүүлсэн юм бэ?? Сэтгэл өмрөөд, дахин дахин бодогдоод, бодох болгонд цээж хөндүүрлэн өвдөөд, байж суух газраа олохгүй байна. 

Бяцхан сахиусан тэнгэрт ямар буруу байсан гэж ингэж төгсөж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Ийм замаар буцаагад аваад явах байсан юм бол яах гэж, ЯАХ ГЭЖ гэгч энэ хорвоо гэгч бузар ертөнцөд түүнийг урьсан юм??!!

Хайрлан халамжилж, хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, бэлэн биш, өөрийн бохирдсон тархиар аливааг шийдэх л юм бол битгий үр хүүхэд төрүүлээч залуусаа! Өөрт чинь биш юмаа гэхэд өөр бусад үрийн хүслэн болсон нэгэнд ивээл, аврал нь болон төрөг л дээ. 

Бие биенээ хайрлая л даа. Бас хүндэтгэе. Дор бүрээ бодолтой. Ёс бус зүйлийг таслан зогсоодог байя л даа. Хүмүүсээ?? Гуйя..

Цав цагаан цаас, өнгө алагласан цэцэгс, нүд алдам солонго, юунд ч үл  хязгаарлагдам тал, хөв хөх тэнгэр, хорвоогийн хамгийн тансаг үнэртэй адилтгаж болох ч эдгээр үгс тэр л гэнэн томоогүй ертөнцийг дүрслэхэд дүйж өгөхгүй байх шиг.  

Ариухан тэр ертөнцийг өөрт байх эцсийн хүчээ шавхан байж сүүдрээс хамгаалах ёстой биш гэж үү? Адгуус хүртэл төлөө яаж хамгаалдаг билээ дээ. Сана л даа. Бид нар чинь оюун ухаант хүн төрөлхтөн мөн биздээ? Адгууснаас ялгарах ганц л шинжээ гээхээр юу үлдэх юм бэ? Хүмүүсээ ахиад гуйя.. Хүнлэг чанараа битгий гээгээч..

Одоо тайван нойрсдоо гүнж минь. Харин чамайг хайрын дээдээр хайрлах аав, ээжид эргэн төрөөрэй. Хайр энэрэлд өлгийдүүлж сайн хүн болоорой. Тэгээд аз жаргалын дээд бүхнийг насан туршдаа эдлэж, мэдэрч амьдраарай.  УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

2015 оны 2 сарын 27

Wednesday, February 25, 2015

“Өвлийг амжилттай давах” ажиллагаа




Хаврын эхэн сарууд гарчихсан хэрнээ хүйтэн байна. Хасах градус бидэнтэй ахиад хэдэн сар хамтдаа байхаар шийдсэн байна. Энэ албан ёсны мэдэгдэл шүү. Хэхэ..

Тэсгэм хүйтэнд заавал гадагш гарна гэлгүй дотор орчинд аятайхан зүйлс хийж болж байна. Нэг ёсны “ичээндээ” байхдаа сайхнаар мэдэрч болохоор 27 саналыг доор орууллаа.


  • Ор чинь. Хөнжил, дэр, бас дахиад хөнжил... өр зүйл хэлэх шаардлагатай гэж үү?
  • Гэртээ найзуудаа уриад дотор халаах зүйлс уунгаа хөгжилтэй тоглоом тоглох. Найз нөхөдтэйгөө хөгжилдөх арга дуусашгүй олон байгаа шүү.
  • Уусан зүйлс толгойд чинь орсон байлаа гэхэд явах зам тийм ч урт биш шүү дээ. Буйдан дээрээсээ орруугаа. Тэгээд л боллоо.  
  • Зөөлөн оймс.
  • Ил гал болон халаагч.
  • Ажлаа хийж байгаа юм шиг л зурагттай нөхөрлөх. Дуртай кино, нэвтрүүлгүүдээ үзээд байж дээ.
  • Идэх. Идэх дуртай зүйлсээ нөөцлөөд хүссэн үедээ идэх.
  • Гоё ном унших. Мэдээж орон дээрээ, хөнжлөө нөмөрч тухлаж байгаад.
  • Нателла. Шоколадтай талх.
  • Улаан виноны үдэш. Уруул, шүд чинь ягаан хүрэн туяатай болсон байх вий гэж санаа зовохгүй шүү дээ.
  • Интернетээр дэлгүүр хэсэх. Гадагш гарах тоо цөөхөн ч гэртээ болох арга хэмжээнд зориулж авалгүй л яахав.
  • Хоол хийх чадвараа сайжруулах. Хийж чаддаггүй байснаа улам ихээр ойлгох.
  • Гэртээ өмсдөг чөлөөтэй, тухтай биеийн тамирын хувцаснууд.
  • Интернет хичээлүүд харж байгаад гэртээ янзан бүрийн зүйлс урлах. Оролдож үзээд болохгүй бол яахав дээ. Төгс байх албагүй шүү.
  • Өөрийн сошиал хуудаснуудад шинэ постууд нэмэх.
  • Дуртай лаагаа асаагаад үнэрт нь жаргаж суух. Хэд хэдийг ч асаасан болж байна.
  • HBO суваг. Үзэхийг хүсээж байсан ч амжаагүй олон кинонeуд ар араасаа гарах.
  • Унтах.
  • Амралтын өдрүүдэд хүссэн цагтаа сэрээд хүсэх юм бол иогийн хичээлд суухаар гадагш гарах. Иог хийхийг хүсэхгүй, гарахгүй байсан ч болно.
  • Хайртай хүнтэйгээ эрхлэлдэх.
  • Хайртай амьтнаа эрхлүүлэх.
  • Хаа нэг тийшээ аялалаар очих талаар төлөвлөгөө гаргах.
  • Өөр хотод байдаг найзындаа очихоор төлөвлөгөө гаргах.
  • Халуун ус. Халуун шүршүүр.Халуун цай.  
  • Гэрт чинь байгаа бүхий л бүлээн, дулаан зүйлс. Архитай шоколадны набор ч бас дажгүй шүү ;)
     Даарсан бас даараагүй бол...

   Инээмсэглээрэй,

2015 оны 2 сарын 26