spectrum

spectrum

Monday, January 12, 2015

Тэрбумтнуудын 20 зуршил




Паул Брансон бол мэргэжлийн мэтчмэйкэр, брэндинг мэргэжилтэн, нэвтрүүлэгч мөн зохиолч юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд коллеж, их сургууль, бусад сертификатууд, докторын зэрэг олон хэргэм хүртэж, боловсролын хувьд өндөр амжилтанд хүрчээ. Гэхдээ тэрээр Энвэр Юсэл болон Опра Винфрэй-тэй хамтран ажиллаж байх үедээ аль ч сургуульд суралцсанаас илүү зүйлийг тэднээс суралцсан гэдэг.


Энвэр, Опра 2 бол хоёул гайхалтай амжилт үзүүлсэн тэрбумтнууд билээ. Зэрвэсхэн ажиглахад тэд маш ялгаатай хүмүүс. Өөр салбарт ажилладаг, өөр хэлээр ярьцгаадаг, өөр өөрийн гэр бүлтэй бас өөр шашинтай. Хэдий тийм боловч өөрсдийнх нь бичсэн намтарыг уншихад тэдэнд маш олон ижил төстэй зуршлууд байдгийг мэдэх болно. Энэхүү нийтлэлийг бичигч Паул Брансон нь эдгээр алдартнуудтай тус тус 6 жил хамтран ажилласан бөгөөд тэднээс суралцсан амжилтанд хүргэх зуршлуудыг энд хөрвүүллэн орууллаа. 


Өөртөө хөрөнгө оруулалт хий

Энэ их тодорхой ойлголт боловч амжилтанд хүрсэн хүмүүс өөртөө хөрөнгө оруулалт хийхээ хэзээ ч зогсоодоггүй. Зогсолтгүй өөрийгөө хөгжүүлэхэд юу ч хамаарч болно. Жишээ нь: шинэ хэл сурах, тогтмол дасгал хөдөлгөөн, сургуульд суралцах гэх мэт. Өөртөө хөрөнгө оруулалт хийхээ зогсоосон мөчид ирээдүйд өөрт чинь ирэх ноогдол ашиг зогсоно гэсэн үг.


Сониуч бай... бүхий л зүйлд 

Бусад бүх дэлхий даяараа аливаа асуудлын талаар гомдоллоцгоож байх үед эдгээр тэрбумтнууд тэрхүү асуудлын талаар сонирхож, түүний талаар илүү ойлголттой болох хүсэлтэй байх жишээтэй. Илүү ойлголт, мэдлэгтэй байх нь аливаа асуудлыг өөр өнцгөөс харахад тусладаг шүү дээ.


Өөрийгөө “илүү” хүмүүсээр хүрээлүүл  

“Та ихэнх цагаа хамт өнгөрөөдөг 5 хүнийхээ дундаж нь болдог” гэдэг үг бий. 


Хэзээ ч ганцаараа бүү хоолло

Сүүлийн удаа Опра болон Энвэртэй хооллох үед бидний ширээнд ойролцоогоор 15 хүн байсан гээд л бод. Хоолны ширээний ардаас энгийн хэрнээ хүчирхэг санаанууд бий болж, мөн тэнд л алдартнууд бие биенээсээ мэдээлэл авч, санал бодлоо солилцдог байх нь. Тиймээс энэхүү боломжийг аль болох олон ашиглах нь чухал.


Алдагдалтай ажиллах үед хариуцлагаа хүлээх

Алдагдалтай ажиллах үе мэдээж бий. Амжилтанд хүрсэн тэрбумтнууд маань тэр үед хуурамч аргаар амжилттай яваа дүр үзүүлэхийн оронд эсрэгээрээ алдагдлаа хүлээн зөвшөөрч, “Би энэ асуудлыг цэгцэлж, эергээр шийдвэрлэх болно” гэж хэлдэг байх нь.         

“Хөшүүрэг” гэдэг зүйлийн үнэн чанарыг ойлгох

Холоос ажиглахад бол тэрбумтан хүн бүхнийг чаддаг байх гэж бодогддог тийм үү? Гэвч үнэндээ эдгээр хүмүүс хэдхэн чадварыг өөрийн болгож эзэмшсэн байдаг ба бусад ажлаа чаддаг хүмүүст нь даалгах хөшүүрэг нь болдог аж. 


Амралт гэдэг зүйл үгүй (Бүр огтхон ч байхгүй)

Энвэртэй   хэд хэдэн удаа дарвуулт завиар зугаалан, амралтанд явж байлаа. Цагийг ч зугаатай өнгөрүүлсэн ба энэ бүхэн хэнд ч амралт, зугаалга мэт харагдаж байсан ч бид тэр хугацаанд бизнес санаа, төлөвлөгөө, болон бусад стратегийн талаар ярилцаж байсан юм. Энэхүү санааг өөрийн хүүхэддээ анхаарал тавьж байгаатай холбон тайлбарлаж болно.  Хичнээн хол зайтай байлаа ч үр хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ зориулдагтай л ижил. 


Эд материал болон мэдрэмж

Мөнгөтэй хүний хэрэглээ өндөр. Гэхдээ эдгээр тэрбумтнууд эд материал, үнэт эдлэл, машин гэхээсээ илүүтэйгээр “мэдрэмж”-нд илүү мөнгө зарцуулдаг юм. Аливааг үзэж, харж, дурсамж бүтээх нь эцсийн эцэст юунаас ч илүү үнэтэй билээ.


Том эрсдэлээс бүү ай

Эрсдэлтэй учрахгүй байнаа гэдэг та ямар ч хөдөлгөөн хийхгүй байнаа л гэсэн үг.


Ганцаараа бүү зүтгэ

Гав ганцаараа бүтээсэн амжилт төдийлөн амттай байдаггүй. Хэрвээ танд хэн нэгний тусламж хэрэгтэй бол туслалцаа ав, тэгээд хамтдаа амжилтанд хүр. 


Энгийн санаануудаа хэрэгжүүл

Опра, Энвэр гээд дэлхийн тэрбумтнууд маш энгийн санаагаа хэрэгжүүлж, цаашлан хөгжүүлж амжилтанд хүрсэн түүхтэй.  Хэн нэгэн танаас явуургүй мэт санагдах зүйлд хөрөнгө оруулахыг хүсвэл та шуудхан татгалзахаа түр азнаарай.


Тэвчээртэй бас тэвчээргүй байх

Тэрбумтнууд аливаа зүйл нэг өдрийн дотор бий болдоггүй сайтар мэддэг. Тэдгээр хүмүүс хэдэн арван жил хичээсний үр дүнд тэрхүү байр сууринд очсон байдаг. Урт хугацааны төлөвлөгөөнд тэвчээр заах хэрэг гардаг ч өдөр тутмын үүрэгт ажлуудад тэвчээргүй хандахад гэмгүй. Өрсөлдөгчдөөсөө урьтаж, хурдан хугацаанд аливааг бий болгох нь амжилтанд хүрэх үү, ард нь хоцрох уу гэдгийг шийддэг биздээ?


Шийдэмгий, хатуужилтай байх

Аливаа асуудалтай нүүр тулах тохиолдолд тийм ч амархан бууж өгөлгүй, зорилгодоо хүрэхийн тулд бүхий л аргыг сүвэгчилдэг зан нь тэднийг амжилтанд хүргэсэн байдаг. 100 удаа бүтэлгүйтсэн ч 101-дэх удаад амжилтанд хүрэхгүй гэх баталгаа хэнд ч байхгүй. 


Ярих урлагийг сайтар эзэмших

Эдгээр тэрбумтнууд яагаад бүгд бусдыг алмайртал ярьж чадаж байна вэ? Энгийн нэг тохиолдол гэж үү? Үгүй шүү. Өөрийн бодол санаагаа зөв тайлбарлаж чаддаггүй хүн хэрхэн амжилтанд хүрэх билээ. 


Өөрийн бамбайтай болох

Өндөр амжилтанд хүрэх тусам өөрийг тань чиглэх сөрөг хүч нэмэгдэж, дайралт илүү хүчтэй болдог. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд тэдгээр сөрөг хүчийг өнгөрөөж, орхиж чадааг байх нь зүйтэй. 


Өөрийн хүрээнээс өөр хүрээлэлрүү

Жишээ нь таны худалдаадаг бүтээгдэхүүн зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан байлаа гэж бодъё. Тэглээ гээд та эрэгтэйчүүдийн талаар мартаж болохгүй юм. Өөрийн зорилтот хүрээлэл дээр бусад хүрээлэлүүдийн мэдээлэлийг нэмсэнээр илүү амжилтыг дууддаг байх нь. 


Өөрийн мэдээлэлээ сайтар тараа

Энэ нь илүү чанга бус илүү давтамжтай мэдээлэлээ өгнө гэсэн үг. Аливаа зүйлийн талаар олон давтамжтай танилцуулга хийх нь бусдад илүү хүртээмжтэй байдаг.


Хошин шогийн мэдрэмж

Өөрөө өөрийгөө шоолж, тоглоом хийж чаддаг байх нь өөдрөг үзэлтнүүдийн нэгэн чанар юм. Мөн өөрийгөө уучилж чаддаг хүн бусдыг ч амархан уучилж чаддаг. Аливаа асуудал гарсан тохиолдолд “за яахавдээ” гээд өнгөрөөж чаддаг байх хэрэгтэй.


Ганц л зүйлийг сайтар эзэмш

Нэг л зүйлийг гайхалтай сайн хийж чаддаг байх нь өмнө дурьдсан хөшүүргийн эхлэл юм.


Өөрөөс чинь илүү хүчтэй зүйл бий гэдэгт итгэ

Бясалгал, хувь заяа зэрэг зүйлд итгэх нь оюун санаанд эерэг ухаарал авчирдаг. Шийдвэр гаргаж, асуудлыг цэгцлэх үед тэрхүү ухаарал бидэнд туслах нь бий. 


Инээмсэглээрэй,


Nikki нь,


2015 оны 1 дүгээр сар 12


No comments:

Post a Comment