spectrum

spectrum

Friday, January 16, 2015

Хэн ч биш та өөрөө!




Ээээххххх... Сүүлийн үед энэ асуудлыг хөндөж ярихгүй бол бүр болдоггүй ээ. Бичээч гэсэн шиг саяхан үзсэн бичлэг намайг бүр асаачихлаа. Энэ юу вэ гэхээр: ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛД ТА ӨӨРӨӨ Л ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ШҮҮ! 

Гэж бүр ахин дахин, хаа хамаагүй, хэнд ч хамаагүй хэлмээр байх юм. Өөрийнхөө гутранги, болохгүй, бүтэхгүй байгаагын  шалтгааныг үргэлж хүнээс хайна. Ялангуяа эмэгтэйчүүдийн үзэл санаа энэ чиглэлрүү эрчимтэй явдаг юм шиг. 

Би хүүхэд гаргасан, би биеэ золиосолсон, би ажлаа бас өөрийгөө хаясан гээд хажуудахдаа хажиглана.Энэ замыг дайран өнгөрөхгүйн тулд яах ёстой вэ? Хар амиа бодох уу? Буруутгаад л, гомдоод л байх уу? Нэн түрүүнд эмэгтэй та өөрийгөө хайрлах хэрэгтэй биш гэж үү? Өөрийгөө хайрлан халамжилж, арчилж, энхрийлж байж дараагаар нь хайртай хүмүүстээ өөрийгөө зориулах ёстой бус уу?

Гэрийн эзэгтэй уур уцаартай, сэтгэл хангалуун бус байвал тэр гэр бүлийн энерги ч мөн даган дууриадаг гэдгийг хаа нэгтэйгээс уншиж байлаа. Уран ухаант, хосгүй авъяаст, Бурханы хамгийн хайртай бүтээл болох бүсгүйчүүд минь анхааралтай уншина уу. Хэрвээ та өөрийгөө алдсан мэт, үүр түүрхэн зүйлст шантраад байгаа ч юм шиг, аливаа зүйлийн утга алдагдаад ирэхийн цагт өөрийгөө нэг ажиглаад үзээрэй. Тэгээд хайрлаарай. Эрхлүүлээрэй. 

Толинд хараад “Би чамд хайртай! Чи хорвоогийн хамгийн сайхан бүсгүй!” гэж чин сэтгэлээсээ чангаар хэлээрэй. Бас инээмсэглээрэй! Өдөр бүр үүнийг давтан хийхийг би таниас хүсье. Төд удалгүй өнгөрсөнд байсан нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай, итгэл дүүрэн, хүчирхэг эмэгтэй эргэн ирэх болно гэдгийг танд би амлая!

Өөрийн тань аз жаргал, инээмсэглэл, баяр баясалд та өөрөө хамгийн чухал байр суурийг эзлэнэ гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Хичээнгүйлэн гуйя! Өөрөө л хүсэхгүй бол хайрт нөхөр, сайн найз, эцэг эх, өөр хэн ч байсан таныг албадан аз жаргалтай болгож чадахгүй. 

Өөрийг чинь баяр баяслаар дүүргэх хэн нэгнийг хүлээсээр сууна уу? Тэгвэл толинд хар бүсгүй минь. Эмэгтэй та бол энэ хорвоо дээрх хэнээс ч илүү өөрийгөө тэтгэж чадах зоригтон. Хийх дуртай зүйлсээ битгий орхиорой. (Үүнийг өөртөө ч бас зориулаад энд бичээд үлдээчихье)

Эцсийн эцэст бодлоороо хорвоог бас тавилангаа зурдаг хойно үргэлж сайхан зүйлс бодож, инээж, талархаж амьдраарай та нар минь.

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2015 оны 1 дүгээр сар 16  


No comments:

Post a Comment