Мөрөөдлийнхөө хэн
нэгэнтэй учраад хайрлах бас хайрлуулахын жаргалыг санаж байна уу? Гэгэлзсэн, санасан,
мөрөөсөл болсон үеүүд гоё. Хагацаж, салж чадахгүй бие биерүүгээ тэмүүлж,
хамтдаа ирээдүйгээ төлөвлөж, замд таарсан бүхий л саад бэрхшээлийг цугтаа даваад.
Гэнэт нэг өдөр хязгааргүй
хайртай байсан хүнтэйгээ сэтгэл зүрхээрээ холбогдохгүй байгаагаа мэдэрч болох
юм. Энэ мэдрэмжээ өөрөөсөө нууж, өөртэйгөө санал нийлэхгүй сөргөлдөж нэг үзнэ.
Эцсийн эцэст сэтгэлд хайр биш дассан сэтгэл л үлдсэн болохыг олж мэддэг.
Хайртай хэвээрээ
байгаа эсэхээ яаж мэдэх вэ гэх асуулт асуусан олон хүнтэй уулзаж байлаа. Зүгээр
л дассан сэтгэлээрээ хоргодоод, болгох гээд хичээгээд байгаа хүмүүс үнэнийг
хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм.
Хэн нэгэнтэй хамт
байх хүсэл чинь шаардлага болсон цагт хүн өөртэй итгэлгүй нэгэн болчихдог
гэлтэй. Түүнээс хараат, тэр л байхгүй бол болохгүй, бүтэхгүй мэт санадаг юм шиг
байгаа юм. Хүсэл болон шаардлага гэх хоёр асар ялгаатай хэрнээ тэдэнд адил шинж
чанарууд ч байна.
Цаг хугацаа
өнгөрөхийн хэрээр хайрлахыг, хамтдаа байхыг хүсдэг байсан хүн чинь амьдралын
чинь “шаардлага” болсон байдаг. Өөрөөсөө өөр хүнээс хамааралтай болчихно гэдэг
сонин зүйл шүү. Айхтар хүсээд байхаар зүйл мөн юм уу?
Холдож салахаар
боллоо гэхэд өөрийг чинь хүрээлж байсан хамгаалалт үгүй болчихсон мэт санагдана. Энэ харин
“хайр” биш шүү. Өнгөрснийг явуулахгүй гэж хичээсэн бас дассан сэтгэл л юм.
“Хосууд дассан сэтгэлээр хамт байна гэдэг ирээдүйн аз жаргалыг хугасалж буй
хэрэг” гэснийг хаа нэгтээгээс уншиж байлаа.
Хайр хар эсвэл
цагаан биш. Хайр харин саарал өнгөтэй. Сэтгэлд хайрын гэрэл байхгүй хэрнээ өнгөрсний төлөө хамтдаа байхыг чухалчлах зөв үү? Тэр гэрэл ахиж асдаг гэж үү? Эсвэл эд юмс шиг засаж, залруулж болдог юм уу? Яг өмнөхтэй чинь ижил биш ч хайр хаана ч ямагт
байдаг. Харин та итгэж, нээлттэй л байх хэрэгтэй.
Энэхүү постыг би
ямар нэгэн утга учиртай, тодорхой төгcгөлтэй байгаасай гэж хүссэнгүй. Зүгээр л энэ мөчид бодогдсон бүхий л зүйлсээ сийрүүллээ. Мөн энэхүү бичвэрийг уншаад өөрийн чинь
хайр сэтгэлийн харилцаанд ямар нэгэн өөрчлөлт гараасай гэж хүсээгүй юм шүү.
Эцсийн эцэст таны харилцаанд хэн ч зөвлөгөө өгөх, та түүнийг нь авах эрхгүй.
Учир нь хүн бүхний амьдрал өөр.
Инээмсэглээрэй,
2015 оны 3 дугаар сарын 1