spectrum

spectrum

Thursday, February 12, 2015

Карма бол “Б”




Яг хаанаас нь эхлэхээ мэддэггүй ээ.. Энэ сэдвийн тухай олон өдөр дарааллан бодож байна. Бодох тусам батлах гэж байгаа мэт үйл явдлууд тохиолдох нь бүр гайхалтай. Хүн шиг сайхан “бүтэн” амьдрахын тулд өөртөө ямар зан чанарыг хамгийн ихээр наах хэрэгтэй вэ? Зөв бодол. Цагаан бодол. Уужуу дотор.

Миний хувьд нэр бүтэн, сэтгэл тэнүүн явахад амьд явсны хэрэг гарлаа гэж үзнэ. Бусдад хар буруу саналгүй, сэтгэл дотроо муу энерги агуулалгүй амьдардаг хүнийг гаднаас нь, нүднээс нь хараад мэдэрч болмоор санагддаг. Хорвоо дээр төрөх үнэн, үхэх ч үнэн, бас карма гэгч зүйл аймшигтай үнэн.

Хийсэн үйлийн сайн үр хурдан хугацаанд эргэн ирдэг бол олиггүйхэн үр хэзээ ч ирж магадгүй. Ирэхдээ өнгөрсний төлөөсийг хэд нугалуулахаар ирдэг ч байж магадгүй. Бусдад сайхан үг хэлэх, сэтгэлийг нь засах, инээмсэглэл бэлэглэх, аливааханаар туслах, орчин тойрондоо эерэг энергийг бий болгодог хүний зам мөр үргэлж шулуун, дардан байдаг юм шүү.  

Зам мөр өөдрөг бүтэмжтэй байх нь хэзээ нэгэн цагт таны тарьсан үр эргээд өөрт чинь шимээ өгч байгаан илрэл. Бүтэмжтэй байгаа зүйлс болгондоо талархаж, үнэ цэнийг нь үргэлж дотоо эргэцүүлэх нь цаашдын сайн сайхныг урин дуудах бас нэгэн арга гэлтэй.

Та битгий тоо, битгий гомд, битгий хүлээ, битгий хараа, битгий уурла. Ер нь бол бага зэргийн “тэнэгдүүхэн” байхад гэмгүй. Тэгэж байж энэ бачим хорвоод зөвөөрөө үлдэж чаддаг юм болов уу даа. Аливаа асуудалтай тулгарсан ч гүнзгийхэн амьсгаа аваад бодлынхоо цэгийг өөрчилж чаддаг байх нь одоогийн нийгэмд тун их хэрэгтэй.

Өөрийн болоод бусдын хувьд үнэн байна гэдэг бас их чухал. Хаана ч өөрийнхөө үнэн чанараар бахархдаг, бусдын үнэн чанарыг хүндэтгэдэг байвал зохимжтой. 

Харин юу хамгийн зохимжгүй гээч? Амаа хамхиж чаддаггүй байдал. Бусдын ярьсныг өөр бусдад дамжуулан ярих хамгийн муухай зан. Сэтгэлээсээ ярьсан яриаг, хэн нэгний эмзэг сэдвийг, бас бусдын нууцыг зөвхөн өөртөө агуулж чадахгүй бол анхнаасаа битгий сонс. Хувийн асуудлаа ярьж буй хэнийг ч болов “Та одоо чимээгүй болно уу, би таны ярьсныг чандлан хадгалаж чадахгүй ээ” гээд хэлэх хэрэгтэй.       

Нийгэмд хэн ч байсан гэсэн сайхан бодол дотроо тээсэн, үнэн, итгэлтэй нэгэн байхыг л эрхэмлээрэй. 

Инээмсэглээрэй,

2015 оны 2 дугаар сар 12

No comments:

Post a Comment