Эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн гоо сайхны режим буюу дадал зуршлууд байдаг. Ер нь хүн өөрийн биеэ сайтар сонсоод, мөрдөж буй зуршлуудаа дагахыг нь дагаад, шаардлагатай тохиолдолд өөрчлөх хэрэгтэй. Миний хувьд доорх дадлуудыг өөрийн болгоод олон жил болж байгаа бөгөөд бүгд миний хувийн гоо сайхны онцлогт тохирсон, туршсан зүйлс байгаа юм. Заримыг нь дунд сургуульд байхаасаа мөрдөж эхэлсэн дадлууд ч байна.
- Арьс арчилгаа, цэвэрлэгээг будалтаас илүү чухал гэж үздэг. Яаж ч ядарсан бай оройд заавал шингэн саван, хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлээд дараагаар нь тоникоор арчиж байж санаа амар унтдаг.
- Долоо хоногт арьсандаа ядаж 2 удаа тосон цэвэрлэгээ хийдэг. Коконатын юмуу цайны модны тосоор 10-15 минут иллэг хийж тосон цэвэрлэгээ хийсэн байхад арьс тэр 7 хоногтоо лав гунддаггүй.
- Тослог арьстай учраас шавар маскнуудыг түлхүү хэрэглэдэг.
- Гадуур явж байхдаа мөн үсэндээ хүрсэний дараагаар нүүрэндээ огтхон ч хүрдэггүй. Загатнасан ч тэсээд өнгөрдөг.
- Зовхины тосыг сүүлийн үед их чухалчлан орой болгон түрхэж байгаа. Мөн л коконатын хольцтой тос түрхдэг.
- Үсэндээ мөн долоо хоногт доод тал нь 2 удаа маск, тос түрхэж байж сэтгэл амардаг. Үгүй бол хамаг юм хуурайшаад, элсэн цөл шиг л санагдчихдаг.
- Үсээ өдөр бүр самнахыг хичээж байгаа. Үс ургалт болон тархины цусан хангамжинд сайн гэдэг нь үнэн юм байна лээ.
- Өдөр бүр үсээ угаадаггүй. Үсний өөрийн тослогийг үгүй болгоод, хуйх хуурайшуулж өвчлүүлдэг учраас.
- Үсээ заавал боож унтдаг. Үсэндэх бактер арьсанд хүрснээр нүүрэн дээр юм гарах шалтгаан болдог.
- Оройд шүршүүрт ороод унтахыг илүүд үздэг. Усанд ороод, биеэ тослоод унтвал илүү чийгшил авдаг. Мөн үсээ заавал хатааж унтдаг.
- Үсээ угаахдаа эхлээд ангижруулагчаа хэрэглээд дараагаар нь шампуниар угаадаг. Шингэн төрлийн үстэй болохоор энэ нь дээр санагддаг.
- Долоо хоногт мөн л 2 удаа эпсом давстай ванн-д хэвтдэг. Ийм маягаар стресс, ядаргаагаа тайлаад сурсан гэх үү дээ. 20-40 минут эпсомтой усанд хэвтсэний дараагаар бие мэдэгдэхүйц хөнгөрсөн байдаг. Энэхүү давсны талаар өмнө нь блог дээрээ дэлгэрэнгүй бичиж байсан.
- Өглөө бүр сэрэнгүүтээ том аяга ус ууж байж дараагаар нь цайгаа уудаг.
- Нэг өдөр нь пицца ч юмуу гурилан юм идсэн бол маргааш нь ногоо түлхүү идэхийг хичээдэг. Тэгэж байж бие маань балансаа барьж байгаа гэдэгт итгэдэг.
- Нэмэлт витаминуудаа өдөр бүр заавал ууна. Одоогийн байдлаар хавар болж байгаа учраас витамин В, арьс, үс, зүрхэнд сайн учраас загасны тос, хавдрын эсрэг үйлчилгээтэй мөн биеийн ерөнхий үйл ажиллагаанд сайн тюрмерик, бас глюкозамин хондройтин гэсэн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна. Улирлаас хамаараад ч юмуу нэмэлт витаминуудаа сольдог.
- Оройн хоолондоо халуун ногоотой хоол идэхгүй байхыг хичээдэг. Идчихвэл маргааш нь хамаг бие хөөчихсөн юм шиг санагдаад байдаг.
- Кофег аль болох шүдэндээ хүргэхгүй уухыг хичээдэг. Халуун кофег бол бага зэрэг хөргөж байгаад соруулаар уувал шүдэнд өнгөр тогтохгүй сайн талтай шүү.
- Халуун хоол, цайг хуванцар савнаас идэх дургүй. Халуун зүйл хийсэн тохиолдолд хуванцар савнаас маш их хортой бодис ялгардаг.
- Хумсаа дөрвөлжин хэлбэртэй засдаг. Ингэснээр бага гэмтэж, хажуугаасаа эмтэрч хугарах нь бага байдаг.
- Үг үйлдэл болдог учраас хэлж байгаа зүйлсээ их хянадаг. "Болгоомжтой яваарай" гэхийн оронд "унана шүү" гэж ярьдаг нас намба тогтсон хүмүүсийг гайхдаг.
Биеэ сайтар сонсоод өөрийн гэсэн дадал зуршлуудаа бий болгоод дандаа хөөрхөн байгаарай. Бас..
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2015 оны 5 сарын 11
No comments:
Post a Comment