spectrum

spectrum

Sunday, August 3, 2014

Хүнчин




“Гадаа бороо шаагьсаар байлаа... Ай даа, бороонд шалба нороод алхахсан. Бүр хувцасаа тайлаад нүцгэн гүйх юмсан. Яг хүүхэд шиг...” гэж “Хүнчин” романы нэгдүгээр дэвтэр эхэлдэг. 

Хүн гэдэг амьтнаас хэр тэсвэр тэвчээр гарч болдгийг, хорвоо дээр зөөлөн нь хатуугаа дийлж амьдардгийг энгийн үгсээр сийрүүлсэн энэ номын сүүлийн хуудсыг нь уншсан хэн боловч эхэр татаж уйлахгүй байхын аргагүй. 

Номын гол дүр Алдар. Асаж бадрах хорин хэдхэн насандаа хайртай бүсгүйгээ хамгаалахын тулд санаандгүй шахам 2 хүний амь бүрэлгэчихсэн. 25 жилийн ял аван гянданд хоригдож буй тэрээр төсөөлөлийнхөө ертөнцийн ачаар л галзуурч солиролгүй, өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж буй тухай өгүүлдэг.   

Номны бас нэгэн дүр бол Алдарын хоригдож буй шоронгийн дарга Төмөрсүх. Ажил мэргэжилдээ сайн, өөлөх юмгүй сайхан залуу. Тэрээр хэн болгоны хараа булаасан, ухаалаг, даруу төлөв эхнэртэй. Бие биедээ үгээр хэлж, үзгээр бичимгүй хайртай ч тэд ганц л асуудалтай. Арван тав, зургаан жил ханилсан ч тэдэнд үр хүүхэд л заяагаагүй. Төмөрсүхийн эхнэр хэрхэн эмэгтэй хүний уужуу ухаан гаргаж, босгосон амьдралаа бүтнээр нь авч үлдэж буй талаар гардаг.   

Алдарын гэмт хэрэг үйлдэх шалтгаан болсон хайртай бүсгүй Гэрэл. Хэрэг гарах үед хэвлийдээ Алдарын хүүг тээж байсан ба төрүүлсэн хүү нь 18 нас хүрээд төрсөн эцгийнхээ тухай мэддэг. Гэрэл хаа очиж сэтгэл сайтай, зөөлөн хүнтэй амьдралаа холбож олон хүүхдийн ээж болсон байдаг. Алдар, Гэрэл хоёр олон жилийн дараа уулзалдахад амьдралд нухлагдан өөрчлөгдсөн хайртай бүсгүйгээ Алдар хараад “Ай халаг, ийм ч амьтан байгаагүй юмдаа. Ямар их өөрчлөгдөө вэ? Амьдрал түүнийг минь яаж орхио вэ. Хөөрхий дөө, ямар ч гэсэн ирлээ шүү дээ” хэмээн бодохтой зэрэгцээд хамаг гомдол нь хийсэн алга болохыг мэдэрдэг.  

Хүн хүнээ түшиж, биенээ дэмжиж, нэгнийгээ өршөөн уучласнаар цаашид амьдрах хүсэл улам бадардгийг сануулсан “Хүнчин”-д таларxмаар байна.

 “Цав цагаан, тас хар хоёрын дундуур
Алдаа оноон завсарх хуруу дарамхан жимээр
Үнэн гэж худал дээгүүр бүдэчсэн
Амьдрал гэгч уртын урт юм шиг атлаа
Арай чдээ гэмээр давчууг мэдрэхээр
Ахиад ядаж зуун жил амьдармаар...” гэснээр энэхүү роман төгсдөг.

Та заавал авч уншаарай.

2014 оны 8 дугаар сарын 4

No comments:

Post a Comment