Өөрийн хүч
чадлаар амжилтанд хүрч, алдар нэрээ дэлхийд тамгаласан хүмүүсийн түүхийг унших
би дуртай. Нэн ялангуяа олонд танигдсан, бас танигдаагүй хүчирхэг эмэгтэйчүүдийн
тухай уншиж судлахаар яалт ч үгүй бахархах, бишрэх, хүндэтгэх бас атаархах
мэдрэмжүүд нэгэн зэрэг төрдөг.
Тэдгээр хүмүүсийн
нэг болох Лиса Линг-ийн талаар энд бичье. Хятад гаралтай Америк бүсгүй Лиса
Линг 1973 онд төрсөн. Өмнө нь Опра Винфрэй Нетворк, Нэшнл Жеографик сувгуудад
ажиллаж байсан түүний амжилт бүсгүйчүүдийн дуртай The View нэвтрүүлэгтэй салшгүй
холбоотой. Одоо тэрээр CNN сувгаар “This
Is Life” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна.
1920-иод оны үед
Америкт цагаачлахаар ирсэн Хятад гаралтай түүний эцэг, эх нь Лиса-г 7 настай
байхад гэрлэлтээ цуцлуулсан гэдэг. Түүний дүү Лаура нь мөн Америкийн алдартай
хөтлөгч, найруулагчдийн нэг юм. Спайн хэлийг өөрийн эх хэл шиг эзэмшсэн тэрээр
ажилласан байгууллага болгондоо шилдгүүдийн нэг нь байсаар иржээ. Ирак,
Афганистанд болж буй дайныг газар дээрэс нь сурвалжлан, баримтат кино хийж
байсан нь түүнийг олон хүндэт шагналын эзэн болгосон байна.
Хойд Солонгост
нэвтрэн хэний ч өмнө нь харж байгаагүй хаалттай нийгмийг дэлхийд танилцуулсан,
Колумб дахь хар тамхины дайн, аймшигт MS-13 бүлгэмийн талаарх сурвалжлага, 2007
онд АНУ-н Виржиниа хотын сургуульд болсон аллага зэрэг анхаарал татахуйц
нэвтрүүлгүүдийг хүргэж байсан.
2009 онд Лиса
болон түүний хамтрагч Юна нар Хойд Солонгост зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр
баривчлагдсан юм. Тэд Хятадын хилийн зурвас дагуу дүрвэгчдийн талаар нэвтрүүлэх
хийхээр зорьж байсан нь тэр ажээ. 2009 оны 6 дугаар сард хийсэн хэргийнхээ
төлөө Лиса болон Юна нар Хойд Солоногосын албадан хөдөлмөр эрхлүүлдэг шоронд 12
жил хоригдох ял авчээ. Гэвч 2009 оны 8 дугаар сард тухайн үеийн ерөнхийлөгч
Билл Клинтон тэднийг суллахад дэмжлэг үзүүлснээр тэд эх нутагтаа эргэн ирсэн
байна.
Эмэгтэйчүүдийн эрхийн
төлөө мятрашгүй тэмцэгч тэрээр 20 нас хүрэхдээ сэтгүүл зүйн чиглэлд чамгүй
амжилтанд хүрсэн. Түүний талаар бас нэгэн сонирхолтой баримт гэвэл балчир охин
байхдаа л хэзээ ч эр хүнээс хамааралтай амьдрахгүй, бас эдийн засгийн хувьд
хэнээс ч хамааралгүй хүчирхэг эмэгтэй болно хэмээн өөртөө амлалт өгч байсан нь
ч амьдрал дээр биелэлээ олсон юм.
Лиса 30 насныхаа
эхэн үед өөрөөсөө олон насаар ах, чинээлэг залуутай хайр сэтгэлийн холбоотой
байжээ. Тэр үед хэтэрхий чинээлэг амьдралын хэв маягт амархан уусаж байгаагаа,
бас өдий хүртэл хэрхэн махран ажиллаж амжилтанд хүрсэнээ бодсоор байж. Холбоотой байсан залуу
нь муу хүн байсандаа ч биш, гагцхүү бусдаас хамааралтай амьдрахыг хүсээгүйдээ
тэрээр чинээлэг залуугаас хайр сэтгэлийн холбоогоо тасалсан хэмээн ярьсан
байдаг.
2014 оны
9 дүгээр сар 30