spectrum

spectrum

Tuesday, September 9, 2014

Ив ижилхэн хүн




За ийм нэг зүйл бичье дээ. Энэ юу вэ гэхээр хүйсээ солиулсан мөн ижил хүйстнүүдийн тухай юм. Товчоор хэлвэл ЛГБТ хүмүүсийн тухай. 

Манайд өдий хүртэл эдгээр хүмүүсийн талаарх ойлголт маш муу байдаг нь их харамсалтай санагддаг. ЛГБТ хүмүүсийг бузар булай, ёсноос гажууд, нүгэлтэн гэх нь энүүхэнд юм даа. Тэр хүйсээ солиулж, мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо чин үнэнч байсан эмэгтэйг би лав хувьдаа маш их хүндэтгэж байна. Мөрөөдөл, зорилгодоо хүрэхээс айж хургаад гэртээ бүгэж суугаа өрөвдөлтэй амьтад л чаддагаараа компьютерийнхээ араас тэр эмэгтэйн зурагны доор доромжилсон сэтгэгдэл бичиж суудаг байхдаа. 

Ижил хүйстэн хүмүүст чинь харин сайхан зан чанарууд олон байдаг юм шүү. Бүр гайхмаар. Тэд бол хамгийн мэдрэмжтэй, хүнлэг, хөгжилтэй хүмүүс. Үүнийг уншаад “Энэ чинь ёстой мэдрэл муутай хүхэн байна даа, өөрөө тийм юм болов уу?” гэх хүмүүс манай нийгэмд үй олноороо байгаа, мэдэж байна. Хэрвээ та ингэж бодож байвал өөрөөс чинь асуух хоёр асуулт байна. Ер нь бусдын амьдралын хэв маягийг жигшин зэвүүцэх эрх өөрт чинь байгаа гэж үү? Тэр хүний сексийн сонирхол өөрт чинь ямар хамаа байна аа??   

Эрэгтэй+эрэгтэй, эмэгтэй+эмэгтэй хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байхад гажууд зүйл огтхон ч байхгүй гэж боддог миний хувьд. Тэдний амьдрах эрхийг дэмжиж хамгаалахгүй юмаа гэхэд ядаж битгий гай болоорой хүмүүсээ. Хэл амаар битгий доромжил, өөрийн тархины хэмжээгээр сэтгэж бүү дүгнэ. Тэднийг зүгээр л орхи.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн холбооноос ч илүү бодитой, бие биедээ үнэнч, хайр халамжаар дутаалгүй маш олон жил хамтдаа амьдарсан ижил хүйстэн хосууд олон байдаг. Бидний мэдэх алдартнууд, жүжигчид дунд ч бий. 

Америкийн усан цэргийн албанд 20 гаран жил амжилттай ажилласан залуу халагдах өргөдлөө өгөөд хүйсээ солиулсан тухай нийтлэлийг саяхан олж уншсан. Залуу байхад өөрт нь эмэгтэйлэг мэдрэмж төрдөг байсныг дарах гэж цэргийн албанд орсон ч эмэгтэй хүн болох хүсэл нь хэвээр л байсаар байж. Ярилцлагандаа тэрээр “Би бусдын аз жаргал, эрх чөлөөний төлөө байлдсаар ирсэн, харин одоо өөрийнхөө төлөө амьдармаар байна” гэжээ. Түүний тухай нийтлэлийг эндээс уншиж болно.

За ямар ч байсан Никки гэдэг эмэгтэй ЛГБТ хүмүүст хүндэтгэлтэй ханддаг байсан, байх болно гэдгийг энэ бичвэр дээр бичээд үлдээчихье.

Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 9 сарын 9

No comments:

Post a Comment