spectrum

spectrum

Tuesday, December 9, 2014

Нугасны муухай дэгдээхэй




Би нугасны муухай дэгдээхэй байсан. Хаана ч, хэнд ч хэлнэ :)

Яагаад гэхээр тэр нугасны муухай дэгдээхэй байгаагүйсэн бол өнөөдрийн “би” энэ бичлэгийг бичээд суухгүй байсан. Энэ бичлэгийг бичигч нь өөрийнхөө гадаад төрхийг хүлээн зөвшөөрч, хайрлана гэдгийг аялалын уртад суралцсан юм. 

Арван жилийн дунд ангид суралцаж байх үедээ өөрийнхөө гадаад төрхийг хамгийн ихээр шүүмжилж боддог байсан. Ялгаагүй эмэгтэй хүн бүр бяцхан охин байхдаа тэр мэдрэмжийг дайран өнгөрдөг байж болох юм. Шалтгаангүй жин нэмээд л, шилжилтийн насанд тохиолддог бүхий л үеийг дайрна. Өөр бусад нь хичнээн  “чи хөөрхөн шүү” гэж хэлээд  толиноос тэрхүү “хөөрхөн” охиныг олж хардаггүй үе байсаан байсан.

Нүүрээ хараад гоочилж, биеэ хараад итгэл алддаг байсан тэр нугасны муухай дэгдээхэй ямар ирээдүйг харах биш дээ. Гагцхүү нөгөө л айхтар цаг хугацааны асуудал гэдгийг тэр  яаж мэдхэв. Зөвхөн харагдах байдал бус өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрч, өөртөө итгэх итгэл гол гэдгийг тэр үед  түүнд хэн ч тайлбарлаагүй байж.

Гэхдээ учраа олохгүй ганцаардсан охины  тухай гунигтай кинон дээр гардаг шиг зүйл ч болоогүй л дээ. Хэхэ.. Төд удалгүй л өөртөө итгэх итгэл гэдэг зүйлийг таниад, олоод авчихсан. Яаж гэж үү? Тэр их уншсан. Олон төрлийн ном, сонин, сэтгүүл, ишлэл маш ихээр уншсан. Тэгэж байтал амьдралыг үзэх үзэл аяандаа тогтоод ирэхийн цагт өөрийн үнэлэмж гэдэг зүйл наалдаад ирэх шиг л болсон. Одоо бол тэрхүү үнэлэмж нь өөрчлөгдөхгүйгээр тогтожээ.

“Энэ хорвоод хүн өөрийгөө олдоггүй, харин бүтээдэг” гэдэг үгэнд би их дуртай. Байшинг хэрхэн барьдаг билээ, түүнтэй л ижил. Тоосго өрөөд байшингаа босгодог шиг хувийн чанарууд дээрээ өөрийн болгохыг хүсдэг характер, дадал зуршлуудаа нэмнэ гэсэн үг. Миний хувьд ийм замналаар өөртөө итгэх итгэлийг бий болгосон гэх үү дээ.  

Өөртөө итгэх итгэл дээр нэмээд эмэгтэй хүнийг сайхан харагдуулдаг хэдэн зүйл байдаг. Хамгийн эхнийх нь ус. Гэнэт юун ус вэ гэж бодож байна уу? Тэгвэл шалтгааныг нь дурьдъя. Өдөрт хангалттай хэмжээгээр ус ууснаар эмэгтэй таны арьс, үс, хумс эрүүл байхын үндэс болж өгдөг юм шүү. Миний хувьд усыг их хэмжээгээр уудаг дадалтай болоод хэр удаж байгаагаа ч мартчихаж. Уухгүй байх тохиолдолд усгүйдэж байгаагаа лав мэдрээд байдаг юм.

Мөн сайхан харагдахын бас нэгэн үндэс нь сайхан алхаа гэж би хэлнэ. Хараа дээгүүр, нуруу эгц, итгэлтэй сайхан алхаж байгаа хэн ч гайхалтай харагддаг шүү дээ. Нэмээд нүүрэндээ инээмсэглэл тодруулчих.  Гайхалтай!

Өөртөө итгэлтэй, харц дээгүүр, инээмсэглээд алхаад байгаарай охин минь! Бас ямар ч үед хошигнож, инээж чаддаг байгаарай. 

Nikki нь.

2014 оны 12 дугаар сар 9
         

No comments:

Post a Comment