spectrum

spectrum

Wednesday, May 28, 2014

Биеэ ч гэсэн цэвэрлэ ok?




Дулааны улирал ирэхэд хүн бүр дор дороо ойр орчноо цэвэрлэдэг шиг өөрийнхөө биеийг ч бас хоргүйжүүлж, цэвэрлэх шаардлагатай болдог. Биеийн цэвэрлэгээ хийхийн тулд мэдээж жимс ногоогоо сайтар идэхээс гадна доорх хэдэн төрлийн зүйлсийг хоол хүнсэндээ хэрэглэн, мөн шүүс болгон ууснаар илүү үр дүнд хүрэх юм. Эдгээр нь:

Asparagus буюу хэрээний нүд: Хэмээх энэхүү ногоо нь хавдрын эсрэг ба хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Биед хуримтлагдсан хортой бодисуудыг задлаж, хөөн гаргадаг. Олон төрлийн витамин, эрдэс бодистой бөгөөд эслэг ихтэй ногоо юм.

Бэрсүүт жүрж- Жүржийн төрлийн жимснүүд нь элгийг цэвэршүүлэх үйлчилгээтэй байдаг. Арьсны нөхөн төлжих байдлыг дээд зэргээр хангахаас гадна, целлилютний харагдах байдлыг багасгадаг.

Цагаан гаа: Бас нэгэн супер хоргүйжүүлэх үйлчилгээтэй хүнс. Үрэвслийг намдаан, дархлааг сайжруулахаас гадна хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг.

Алим: Нөгөө л нэг алим. Эслэг ихтэй энэ жимс маань “glucaric” –ийн хүчил хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь биеэс хорыг гаргах үйлчилгээтэй. Зөвхөн алимаар хооллон мацаг барьдаг хүмүүс ч байдаг.

Авокадо: Маш их хэмжээний антиоксидант агуулдаг хүнс. Салад-ндаа нэмээд идэхэд бүр илүү амттай болно.    

Байцаа: Айхтар нөлөө үзүүлэхээр ногоо шиг санагдахгүй байгаа биз? Гэхдээ биен дэх хорыг задлаж гадагшлуулах тал дээр мөн л их нөлөөтэй. Бас витаминаар баялаг, үрэвсэл намдаах үйлчилгээтээгээс гадна арьсанд үрчлээ суухаас сэргийлдэг гэнэ шүү.

Сармис: Чөлөөт радиклуудын эсрэг өндөр нөлөөтэй бөгөөд бас л дархлаа сайжруулах чадвартай. Тэгээд ч хоолондоо хэмжээг нь тааруулаад хийхэд сайхан амттай болдог биздээ.

Бууцай: Ямар ч төрлийн хоолны дэглэмд чухал байр суурийг эзэлдэг ногоо билээ. Витамин A, C, & B-6-аар баялаг ба төмөр, магни авах чухал эх үүсвэр болдог.

Michellephan.com-с орчуулан орууллаа.
Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 5 дугаар сар 28

Tuesday, May 27, 2014

Хамгийн дуртай 5 блогчид

Эмэгтэй хүн л болсон юм хойно эмэгтэйчүүдтэй холбоотой бүхий л зүйлсийг би унших дуртай. Доорх 5 блогчдийн нийтлэлүүдийг сүүлийн 6 жил орчим уншиж байгаа бөгөөд тэднээс маш их зүйлсийг сурсандаа баяртай байдаг. Мэддэг, мэддэггүй, хэрэгтэй, хэрэггүй олон сэдвийг хөндөж нийтлэл бичдэг тэднийхээ блогийг ирээдүйд ч дагасаар байх болно. Ингээд тэдэнтэй танилцана уу.
   
KANDEE JOHNSON

Мэргэжлийн make-up artist гэхээсээ илүү ид шидтэн гэмээр. Ямар ч нүүр будалтыг гайхалтай хийнэ. Ямар ч дүрд гайхалтай хувирна. Маш зоригтой, гадаад төрхөө яаж л бол яаж өөрчилж чаддаг эмэгтэй. Хамгийн анх 2008 онд юмуудаа түүний бичлэгийг Youtube-с үзээд нүүр будалт гэдэг чинь урлаг юм байна гэдгийг ойлгож байлаа. 

Хувь хүнийхээ хувьд айхтар сэтгэлийн тэнхээтэй. Байнга л болно, бүтнэ гэчихсэн л бичиж байдаг. Өнгөрсөн жил аав нь харамсалтайгаар өөд болсны дараа видео болон бичлэг оруулалгүй нилээн завсардсан. Аавтайгаа хийж байсан бичлэгийг нь хүртэл үзэж байсан болохоор их харамсалтай санагдаж байсан шүү. 

Хувцаслалт нь бас нилээн галзуу, үнэн өөрийнхөөрөө. Хоёр чихэндээ 2 өөр ээмэг зүүчихнэ, гоёлын даашинзан дээр толгойдоо алчуур зүүгээд кет өмсчихдөг. Тэр стиль нь өөрт нь зохино гэж яаана. Ер нь бол гень сайтай хүн юм шиг байна лээ. Ээж, дүү нь гээд бүгдээрээ будаггүй байхдаа ч сайхан хүмүүс. 4 хүүхдийн ээж гэхээргүй бие хаатай. Хүүхдүүд нь бас өөр өөр аавтай. Сайхан эмэгтэй мөртлөө ганц бие.

Блог-оос нь гоо сайхны, фитнессийн, харилцааны, урмын гээд олон сайхан хичээл, зөвлөгөө авч болно. Өдөр бүхэн шахуу нийтлэл оруулдаг даа.

Блогийн линк нь:  www.kandeej.com
 
BUBZBEAUTY буюу LINDY TSANG

Хөөрхөн, эгдүүтэй, жижигхээн охин. Насаар бол жоохон охин байх гэж боддог байсан чинь чацуу юм байна лээ, хэхэ. Ирланд-д өсөж, гэр бүлээрээ тэнд амьдардаг байсан учраас их аялгатай ярьдаг. Харин одоо бол нөхөртэйгөө Хонг Конг-д амьдардаг. Анх онлайнаар футболк зардаг байсан бол одоо өөрийн нэрийн гоо сайхны багснууд үйлдэрлэж борлуулдаг.

Нөхөр нь өөртэй нь адилхан бас хөөрхөн жижигхэн нөхөр. Ес байна уу арван жил үерхэж байгаад өнгөрсөн жил хуримаа хийсэн. Одоо анхны хүүхдээ хүлээж авах гээд бэлтгэлээ хийж байгаа сайхан гэр бүл. Нохойнууддаа хайртай гэж жигтэйхэн, гэхдээ нохойтойгоо хамт нэг оронд нь унтаад байдаг нь сонин санагдаад байдаг юм. 

Бас их өөдрөг, хөгжилтэй. Хоёрдугаар сувгийн юм ярих дуртай гэж яаанаа, хэхэ. Блог-доо гоо сайхны зөвлөгөө хичээлүүд болон урам хайрласан сайхан нийтлэлүүд оруулдаг. Youtube хуудсандаа vlog буюу video blog-ууд бас оруулдаг шүү.  

Блогийн линк нь:http://bubzbeauty.com/   

ITSJUDYTIME буюу JUDY TRAVIS

Миний хамгийн хамгийн дуртай блогчин. Өөлөх юмгүй хүн шиг санагддаг. Өдөр бүр Youtube хуудсандаа тэр өдөр гэр бүлээрээ юу хийж, яаж өнгөрүүлсэн талаар vlog оруулна. Би хичнээн завгүй байсан ч оруулсан видеог нь үзэх дуртай. Яг л байгаагаараа, илүү дутуу маяггүй сайхан эмэгтэй. 

3 жилийн өмнө мөн л удаан хамтдаа байсан залуутайгаа гэрлэсэн. Нөхөр нь Япон, Ирланд холилдсон бол өөрөө Филипин гаралтай Сиатл-д амьдардаг гэр бүл. Гэрлэх ёслолдоо бэлтгэж байхдаа бүх үйл явцаа видео болгон оруулж байсан нь бас их гоё. Нөхөр нь хоол хийх үнэн хоббитой, би азтай эмэгтэй шүү гээд л баярлаад байна. Том охиноо төрүүлээд удаагүй байж байгаад ахиад жирэмсэлсэн чинь ихэр охидууд байж таардаг юмдаа. Нөхөр нь уг нь хүү хүсэх шиг болсон хэхэ. Одоо ихэр хүүхдүүддээ анхаарал тавих гэж их л сандарч байгаа. Шөнө нойргүй, өдөржин бас тэврээстэй.

Блог-доо нүүр будалт, гоо сайхан болон ээжүүдэд зориулсан нийтлэлүүд  оруулахаас гадна шинээр гарсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг өөрөө хэрэглэж туршиж үзээд үзэгч, уншигчидтайгаа бодлоо хуваалцаж, зөвлөгөө өгдөг. Анх Youtube-д бичлэг оруулдаг байсан үеэсээ гаднах төрх нь их гоё болж өөрчлөгдсөн. Нилээн удаан шүдний аппарат зүүснээр одоо гоё инээмсэглэлтэй болсон шүү.  

Блогийн линк нь: http://itsjudytime.com/    

DULCE CANDY

 Бас нэг фашиониста. Өөрийгөө маш сайн дайчилж чаддаг эмэгтэй. Өмнө нь Америкийн цэргийн албанд алба хашиж, бүр Афганистанд байлдааны цэг дээр хүртэл ажиллаж байсан. Хамгийн анхны бичлэгүүдийг нь одоо үзэхээр инээдтэй байдаг шүү. Маш сайхнаар өөрчлөгдөж, одоо жинхэнэ од болон гялалзаж байгаа. Өөрийн хүсдэг байсан амьдралаа бий болгож чадсан блогчин. 

Мөн л өөрийн гэсэн Youtube хуудастай ба 2009 оноос хойш тасралтгүй бичлэгүүд оруулж байгаа. Хүнтэй гэр бүл болон, хүүхэдтэй болсон зэрэг олон үйл явдлаа мөн л Youtube-д бичлэг болгон оруулсан байдаг.

Блог-доо ихэвчлэн хувцас загвар, орчин үеийн трендүүдийн талаар нийтлэл оруулдаг. Түүнд байдаг хувцасны өрөөг би мөрөөддөг. Ажлын өрөө нь тэр чигээрээ загварын чиг хандлагыг тодорхойлсон зүйлсээр дүүрэн. Өнгөрсөн жил хамраа янзлуулан, хөхөө томруулж пластик мэс засалд орсон ба үүнийгээ ч нуудаггүй. Үзэгч, уншигчиддаа гоо сайхны мэс заслын талаар мэдээлэл өгч л орхино. Анх видеонууд дээрээ өөрийн санаа бодлыг ч зөв илэрхийлж чаддаггүй байсан бол одоо огт ондоо хүн болж өөрчлөгдсөн. Мөрөөдөл нь лектор болох гэсэн шүү.

Блогийн линк нь: http://dulcecandy.com/ 

MICHELLE PHAN

Одоо түүний нэрийг сонсоогүй хүн ховор биздээ. Энгийн график дизайнерийн оюутан агуу амжилтанд хүрсэн гайхалтай түүхтэй бүсгүй. Одоо өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба өөрийн бизнесийн вант улсыг бий болгоод байгаа. Анх Флорида-д оюутан байх үеэсээ Youtube хуудсанд бичлэг оруулж эхэлсэн ба Ланком бренд түүний амжилтын эхлэл болсон гэж би боддог. 

Вьетнам гаралтай Америкт амьдардаг бүсгүй, багадаа маш их зовлон бэрхшээлийг даван туулсан. Мөрөөдлөө хэзээ ч алдаагүй түүний хүсэл бүхэн нь одоо биелсэн. Бичсэн нийтлэлүүд нь олон хүний амьдралыг өөрчилснөөс гадна олон хүнд урам зориг хайрладаг гэдэгт нь би итгэдэг. 

Их зарчимч, хөдөлмөрч бас идэмхий тэрээр мөн л бидний нүдэн дээр маш их өөрчлөгдөж олны танил болсон. Парист аялалаар явж байгаад царайлаг, загвар өмсөгч Франц залуутай танилцсан ба одоо түүнтэйгээ хамт амьдардаг.

Өөрийн амжилтанд хүрсэн түүхийг ном болгон хэвлүүлэн гаргасан ба саяхан Докторын зэргээ амжилттай хамгаалсан. Блогтоо бичихгүй зүйл гэж байхгүй, төрөл бүрийн мэдээлэл өгнө.  

Блогийн линк нь: http://michellephan.com/
 
Инээмсэглээрэй,

Nikki нь.

2014 оны 5 дугаар сар 27
         

Monday, May 26, 2014

Birthday





Өчигдөр миний төрсөн өдөр. Нэг жил ахиад л нүд ирмэхийн зуур өнгөрчихөж. Төрсөн өдрөөсөө болоод ч тэр үү тавын тоонд их дуртай, бас 5-н тоо ээлтэй байх шиг санагддаг. Жил жилийн төрсөн өдрөөр яагаад ч юм айхтар их догдолдог. Энэ жил харин яасныг бүү мэд, нэг л тайван. Нас явсных юм болов уу, хэхэ... 

Харин би энд яг одоо өнгөрсөн жил юу хийж, ямар өөрчлөлт гаргаснаа эргэцүүлээд сууж байна. Төрөхөөсөө ч гэх юмуу, байгалиасаа ч гэх юмуу заримдаа их төвөгтэй, заримдаа их хэтэрхий simple хүн шиг өөртөө санагддаг. Эсвэл ихрийн орд хоёрдмол гэдэгт хэт итгээд байдаг юм болов уу гэж өөртөө эргэлздэг. Гэхдээ доох зурхайг уншаад гайхлаа. Намайг, миний амьдралыг хүүрнэн өгүүлээд тавьчихсан юм шиг л. Надаас өөр доорх зан чанаруудыг агуулсан ихрийнхэн байна уу? Ялангуяа эмэгтэйчүүд хэр олон байдаг бол?
 
''Ихрийн ордныхон эелдэг зөөлөн, эсвэл хөндий хүйтэн гээд тогтворгүй араншинтай. Хамгийн хувирамтгай хүмүүс байдаг. Нэг талаас хурц ухаан, дур булаам байдал, хөгжилтэй зан нөгөө талаас уур цухал, ичгүүргүй загнах нь бий. Шүүмжлэл, элэглэл, доог тохууг зөнгөөрөө мэдэрч үл тоодог. Ихэр маш бие даасан эмэгтэй.


Амьдралаа хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Хэн нэгнээс хамааралтай амьдрахыг хүсэхгүй. Барьцгүй, хоёрдмол амьдралаар амьдарч чадна. Тэд ухаантай, бүх талын мэдлэгтэй, дасан зохицох чадвартай. Энэ ордныхны дотор хоёр хүн зэрэгцэн байдаг. Харин нөгөө тал нь цухалдуу, хийрхүү. 


Ихэр эмэгтэйд тэнцэх эр хүн олоход ярвигтай. Түүнтэй энэ зэрэгцэх эр хүн ховор байдаг учраас жинхэнэ хайрлаж дурлаж чадахгүй явсаар дуусдаг тал бий. Хэдийгээр эрчүүд салж явсан ч сэтгэлийн гүндээ тэднийг хүндэлж явдаг. Хэрэв ихэрт аз таарч жинхэнэ ханиа олбол тэр гэр бүл бүх талаараа үлгэр жишээ гэр бүл мөн.


Ойр дотнын хүмүус нь ямар нэгэн байдлаар дургүйг нь хүргэвэл харилцаагаа шууд таслахаас буцахгүй. Ихэнх тохиолдолд хатуу сэтгэлтэй, өр зузаан. Дурлал тэдний хувьд тоглоом. Учир мөнгө төгрөг, алдар нэр, хайр дурлал ч тэр дангаараа ихэрийг бүхэлд нь эзэмдэж чадахгүй. Тэрбээр   ямар   нэг боломжгүй зүйл рүү тэмүүлдэг.   


Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн хүн мэт. Гэвч ямар ч ажилд түүртэхгуй боловч хэзээд сэтгэл хангалуун  бус.  Ихэр гадаадад аялалаар явах, ер бусын гоё чамин зүйлд дурладаг” гэжээ.


Инээмсэглээрэй Ихрийнхээн,

Нас нэмэж ухаан тэлсэн Nikki нь :Р

2014 оны 5 дугаар сар 26

Friday, May 23, 2014

Ингэж будаж болохгүй




Ажиглаад байхад нүүрээ буддаг эмэгтэйчүүдийн нийтлэг гаргадаг хэдэн алдаа байдаг. Ингэж буд гэсэн заавар зөвлөгөөнүүд олон байдаг ч тэгэж битгий будаарай гэсэн нь харин байдаггүй юм шиг. Тиймээс өөрийн байнга анзаардаг хэдэн зүйлсийг орууллаа.

Өөрийн арьсанд тохироогүй foundation буюу суурь крем
Хэтэрхий цагаан юмуу бараан крем түрхсэн байдаг нь түгээмэл алдаа. Кремээ худалдаж авахдаа гаран дээрээ түрхэж үзэх нь үүний гол шалтгаан болдог юм шиг. Гар болон нүүрний арьс огт ондоо өнгөтэй байдаг бөгөөд крем худалдан авахаар явахдаа нүүрээ будахгүй явах нь илүү зохимжтой. Тест маягаар түрхэж үзэхдээ ирүүний орчим түрхээд нарны гэрэлд харахад ялгарч харагдахгүй байвал тохирч байна гэсэн үг. Мөн тослог, хуурай, нүхжилттэй, үрчлээстэй зэргээс хамааран арьсныхаа онцлогт тохируулахаа мартваа. Суурь крем тавилгүй шууд шахмал пудр түрхээд л болчихдог хүмүүс ч байдаг юм байна лээ. Тэр бол ёстой том ҮГҮЙ шүү. Суурь крем нүүр будалтын хамгийн чухал хэсэг ба олон газар очиж, олон төрлийн крем түрхэж үзэн туршихаас битгий төвөгшөөгөөрэй.

Хэтэрхий хиймэл хөмсөг
Аль болох натурал харагдахуйц, мөн нүүрний хэлбэрт тохирсон хөмсөгний хэлбэрийг сонгох нь зүйтэй юм. Гайхаж хараад байгаа юм шиг хэт өргөсөн, хэт нарийн, хэт өргөн, мэдэгдэхүйц шивээстэй, эсвэл бүр засаж янзлалгүй гаргуунд нь гаргасан гэх мэт зүйлүүд ажиглагддаг. Хөмсөг сайхан бол төрх сайхан шүү дээ. Хөмсөгөө будахдаа зориулалтын тень маягийн будагаар будах нь тохиромжтой. Хөмсөг хэрхэн засах талаар бичлэгийг маань уншихийг хүсвэл ийшээ: Хөмсөг хэрхэн засах вэ?

Уусгалгүй орхисон нүдний будаг
Нүдний будалт хийхэд доод тал нь 2-3 өнгийн тень ашиглан тэднийгээ хооронд нь уусган будах нь чухал. Аль өнгө хаанаас эхлээд, хаана дуусч байгаа нь мэдэгдэхгүй байх ёстой. Тэрнээс биш хэд хэдэн өнгө сонгож түрхсэн хэрнээ уусгалт хийлгүй орхих нь алиалагч чиг харагдах гол үндэс болох юм. Уусгаж будахад хөвсгөр, үс ихтэй багс ашиглавал тохиромжтой.

Контур
Хүн бүр өөрийн царай төрхөнд тохируулан контур тавьдаг ч хэтэрхий урт нарийн контур яг л Хятад хүүхэлдэй шиг харагдуулдаг. Мөн контураа аль болох сормуустай ойр зураарай.

Мэдэгдэхүйц гэрэл, сүүдэр
Хамраа өндөрлөх юмуу бусад хэсгээр гэрэл, сүүдэр тавихдаа мөн л хооронд нь уусгах шаардлагатай. Сүүдэр тавьж буй өнгө нь арьсны өөрийн өнгөнөөс 2-3 өнгөөр бараан байвал зохино. Хэт тод тавьсан гэрэл, сүүдэр нь нүүр халтартсан юмуу гурил түрхсэн мэт харагдахыг хүсэж байгаа тохиолдолд л хэрэг болно.
   
Зэвхий өнгөтэй уруулын будаг
Халловины баярт явах гээгүй л бол ер нь дэмий дээ энэ төрлийн будаг. Никки Минажийг санагдуулам боронзон, зэвхий, хэт цайвар будаг өвчин туссан юм шиг харагдуулахаас гадна 90-ээд оны нүүр будалтыг шууд эргүүлэн авчрах болно. Мөн уруулны талаар нэмэж хэлэхэд уруулын будагнаас хэт өөр өнгөтэй хүрээлэгчээр хэзээ ч битгийн хүрээлээрэй.

 Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 5 дугаар сар 23