spectrum

spectrum

Friday, May 23, 2014

Ингэж будаж болохгүй




Ажиглаад байхад нүүрээ буддаг эмэгтэйчүүдийн нийтлэг гаргадаг хэдэн алдаа байдаг. Ингэж буд гэсэн заавар зөвлөгөөнүүд олон байдаг ч тэгэж битгий будаарай гэсэн нь харин байдаггүй юм шиг. Тиймээс өөрийн байнга анзаардаг хэдэн зүйлсийг орууллаа.

Өөрийн арьсанд тохироогүй foundation буюу суурь крем
Хэтэрхий цагаан юмуу бараан крем түрхсэн байдаг нь түгээмэл алдаа. Кремээ худалдаж авахдаа гаран дээрээ түрхэж үзэх нь үүний гол шалтгаан болдог юм шиг. Гар болон нүүрний арьс огт ондоо өнгөтэй байдаг бөгөөд крем худалдан авахаар явахдаа нүүрээ будахгүй явах нь илүү зохимжтой. Тест маягаар түрхэж үзэхдээ ирүүний орчим түрхээд нарны гэрэлд харахад ялгарч харагдахгүй байвал тохирч байна гэсэн үг. Мөн тослог, хуурай, нүхжилттэй, үрчлээстэй зэргээс хамааран арьсныхаа онцлогт тохируулахаа мартваа. Суурь крем тавилгүй шууд шахмал пудр түрхээд л болчихдог хүмүүс ч байдаг юм байна лээ. Тэр бол ёстой том ҮГҮЙ шүү. Суурь крем нүүр будалтын хамгийн чухал хэсэг ба олон газар очиж, олон төрлийн крем түрхэж үзэн туршихаас битгий төвөгшөөгөөрэй.

Хэтэрхий хиймэл хөмсөг
Аль болох натурал харагдахуйц, мөн нүүрний хэлбэрт тохирсон хөмсөгний хэлбэрийг сонгох нь зүйтэй юм. Гайхаж хараад байгаа юм шиг хэт өргөсөн, хэт нарийн, хэт өргөн, мэдэгдэхүйц шивээстэй, эсвэл бүр засаж янзлалгүй гаргуунд нь гаргасан гэх мэт зүйлүүд ажиглагддаг. Хөмсөг сайхан бол төрх сайхан шүү дээ. Хөмсөгөө будахдаа зориулалтын тень маягийн будагаар будах нь тохиромжтой. Хөмсөг хэрхэн засах талаар бичлэгийг маань уншихийг хүсвэл ийшээ: Хөмсөг хэрхэн засах вэ?

Уусгалгүй орхисон нүдний будаг
Нүдний будалт хийхэд доод тал нь 2-3 өнгийн тень ашиглан тэднийгээ хооронд нь уусган будах нь чухал. Аль өнгө хаанаас эхлээд, хаана дуусч байгаа нь мэдэгдэхгүй байх ёстой. Тэрнээс биш хэд хэдэн өнгө сонгож түрхсэн хэрнээ уусгалт хийлгүй орхих нь алиалагч чиг харагдах гол үндэс болох юм. Уусгаж будахад хөвсгөр, үс ихтэй багс ашиглавал тохиромжтой.

Контур
Хүн бүр өөрийн царай төрхөнд тохируулан контур тавьдаг ч хэтэрхий урт нарийн контур яг л Хятад хүүхэлдэй шиг харагдуулдаг. Мөн контураа аль болох сормуустай ойр зураарай.

Мэдэгдэхүйц гэрэл, сүүдэр
Хамраа өндөрлөх юмуу бусад хэсгээр гэрэл, сүүдэр тавихдаа мөн л хооронд нь уусгах шаардлагатай. Сүүдэр тавьж буй өнгө нь арьсны өөрийн өнгөнөөс 2-3 өнгөөр бараан байвал зохино. Хэт тод тавьсан гэрэл, сүүдэр нь нүүр халтартсан юмуу гурил түрхсэн мэт харагдахыг хүсэж байгаа тохиолдолд л хэрэг болно.
   
Зэвхий өнгөтэй уруулын будаг
Халловины баярт явах гээгүй л бол ер нь дэмий дээ энэ төрлийн будаг. Никки Минажийг санагдуулам боронзон, зэвхий, хэт цайвар будаг өвчин туссан юм шиг харагдуулахаас гадна 90-ээд оны нүүр будалтыг шууд эргүүлэн авчрах болно. Мөн уруулны талаар нэмэж хэлэхэд уруулын будагнаас хэт өөр өнгөтэй хүрээлэгчээр хэзээ ч битгийн хүрээлээрэй.

 Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 5 дугаар сар 23

No comments:

Post a Comment