spectrum

spectrum

Saturday, April 26, 2014

Ирээдүйн ханьдаа бичих захидал



Аль хэзээ л захидал бичсэн байх ёстой байснаа мэдэж байна аа хайрт минь. Уучлаарай? Намайг энэ хорвоо дээр байхгүй юм байна, олдохгүй юм гээд гомдож суугаа юм биш биз? Үгүй ээ, огтхон ч тийм биш. Би чинь байгаа шүү. Газрын хаанаас ч хайгаад эрээд олдохгүй, ховор нандин зүйл мэт санагдавч би нь маш ойрхон байна. 
Булан тойроод ч юмуу, эсрэг талын чинь байранд ч юмуу, Фэйсбүүк дээр ч юмуу, эсвэл оффис-д чинь, бүр эсвэл ойролцоох кофены газар чиний огт танихгүй би сууж байна. 

Бид 2 хаа нэгтээ бие биенээ харсан эсвэл аль нэг парти-н дээр хальтхан зөрөлдөөд өнгөрсөн ч байж болох юм. Сая Твиттер дээр чиний бичсэн зүйлийг гүйлгээд өнгөрүүлсэн ч юм билүү. Бидний цаг л ирэх арайхан болоогүй бололтой. Чи минь санаашран гайхаж байгааг би мэдэрч байна аа.  

Чи минь ингэтлээ удаан хүлээж, сохроор янзан бүрийн болзоонуудад явж, таалагдахгүй онцгүй сексийг мэдэрч, “за яахавдээ л” гэмээр харилцаанд байж, өөрийгөө ойлгуулж чадалгүй ганцаардан уйлж, шөнө дэрээ тэврэн унтаж байгаа чинь огтхон ч шударга биш шүү дээ. Намайг уучлаарай хайрт минь. Чамд минь тайлбар хэрэгтэй. Тиймээс би доорхийг бичлээ. Би эдгээрийг өөрөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй байсан учраас чамдаа тайлбар хийж чадалгүй удчихлаа, гэхдээ бичсэн болгон минь үнэн юм шүү.

Бидний уулзалдаж амжаагүй байгаа шалтгаанууд (Ямар нэгэн дэс дараалалгүйгээр):
  • Чи минь яг ямар хүн байх талаар би тодорхой бодоогүй, мөрөөдөөгүй, бичиж төлөвлөө ч үгүй.
  • Би яг одоо буруу хүнтэйгээ байна.
  • Би хязгааргүй хайрлуулахад бэлэн биш байна.
  • Би хайр сэтгэийн талаар бодохгүйн тулд өөрийгөө албаар хэт завгүй байлгаад байна.
  • Өөрийн юунд дуртай, дургүйг сайтар мэдэж авахын тулд би илүү олон болзоонд явах хэрэгтэй юм шиг байна.
  • Ямар нэгэн хэцүү зүйлтэй тулгарахаас нааш чинийхээ үнэ цэнийг сайтар мэдрэхгүй л яваад байна.
  • Би өөрийн хүсэл, сонирхолд л хамаг анхаарлаа төвлөрүүлээд байна.
  • Миний зүрх сэтгэлд мэдрэгддэг гайхалтай сайхан зүйлсийг хэрхэн амьдрал дээр бий болгохоо би мэдэхгүй байна.  
Би ч тийм айхтар төгс хүн биш л дээ, заримдаа өөрийнхөө хэн гэдгийг ч ойлгохгүй үе байдаг л юм. Хэрвээ бид 2 уулзвал чи надад шууд л дуртай юмуу сайн болчихно гэж боддоггүй. Гэхдээ чи бид 2 ганц нэг удаа уулзсан ч байж магадгүй, тэгээд дээрх шалтгаануудын улмаас эргэж холбогдоогүй байж болох юм тийм ээ?

Хонгор минь тэвчээртэй байгаарай. Би чамруугаа явсаар л байгаа шүү. Тийм учраас миний хаана байж болох эсвэл хаана байж болохгүй талаар битгий их бодоорой. Харин чи минь өөрөө л аз жаргалтай сууж байгаарай. Уулзаад чинийхээ амьдралыг бүр илүү гайхалтай болгох болноо. 
 
Удаан байгааг мэдэж байнаа хайрт минь. Төсөөлснөөс ч илүү удаан юм. Гэхдээ би энд байгаа шүү. Чамтайгаа яг одоо ярилцан сууна. Би хаашаа ч биш зөвхөн чамруугаа л очиж явна.

Битгий бууж өгөөрэй. Одоо багахан л хугацаа үлдсэн.

Хараахан уулзаж амжаагүй байгаа хайртаас чинь.

(Жич: Дээрхийг би бичээгүй шүү, хөөрхөн санагдаад Англи хэлнээс хөрвүүлэн орууллаа)

Эх сурвалж: A Letter from the love you haven't met

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2014 оны 4 сарын 26

No comments:

Post a Comment