spectrum

spectrum

Friday, March 28, 2014

Одоо л больё




Хамтдаа хэрнээ хамтдаа биш. Хамтдаа хэрнээ оюун санаа нь огт өөр газар. Төсөөлөлийн хаа нэг ертөнцөд, өнгөрсөнд, эсвэл ирээдүйд. Энгийн нэг гар утаснаас бидний амьдрал ингэтлээ хамааралтай болно хэмээн хэн санахав.

Бид iPhone, Samsung-наасаа хамааралтай болоод хэр удсан бэ? Өнгөцхөн харахад асуудал биш хэрнээ эргээд харсан хов хоосон орон зайг үлдээсэн байвал яах уу? Гадуур алхаж явахдаа, найз нөхөдтэйгөө уулзалдъя гээд суухад, гэр бүлээрээ хооллохдоо, хурал цуглаан дээр, үзвэр тоглолт үзэхдээ ч утасныхаа дэлгэцрүү ширтээстэй.

Энэ талаар хөндөөд ярихад нэг их содон сонсогдохоо ч больж. Учир нь хүн бүрийн мэддэг ч хэрэгжүүлдэггүй нэгэн сэдэв байгаа юм. Утсаа шалгахгүй 1 цаг болоод үзээрэй, сөрөг нөлөө үзүүлж, хордлого өгч байна уу? Хэхэ 

Сошиал нетворк буюу ФБ, Твиттер, Инстаграмм гэх мэтчилэн олон нийттэй холбогдох сүлжээ бол ердөө л тайз. Тайзны ард, тайзнаас буугаад амьдрал ямар ч байж болно. Өөрийнхөө хуудсыг эргээд уншихад олон дурсамжийг зураг, бичиглэл болон үлдээсэн байдаг ч зарим сошиал нетворкийн хэрэглэгчид хэрэглээнийхээ утгыг алдагдуулсан санагддаг. Өөрийн хуудсаа сэтгэл зүйч юмуу өдрийн тэмдэглэлтэй андуураад байна уу л гэлтэй.  

Бас ажаад байхад олон хүмүүсийн тархины хэмжээ Google-ээс хамааралтай болоод ч байх шиг. Google хайлтаас өчнөөн тэрбум хариулт, шийдэл олж чадах ч баталгаатай судалгаанаас илүү хувь хүний таамаг болон тархинд наалдацгүй хог ихээр гарч ирэх жишээтэй. Ер нь Google-с олж авсан мэдээлэл ой санамжинд үлдэхдээ их муу байдаг шд.

Би харин өнөө өглөө бодлоо. Одоо л больё гэж.  Утаснаасаа уяатай байдаг цагаа багасгалаа. Утсаар мэдээ уншихаас илтүүтэйгээр сонин уншина. Татаж авсан номоо утсаар уншихаас илүүтэйгээр хэвлэмэл ном худалдаж авна. Хэн нэгэн рүү худлаа үнэн мессеж бичиж, ярихаас илүүтэйгээр уулзахыг хичээнэ. Яг энэ мөчийг байгаагаар нь мэдэрч, өөр зүйлд сатааралгүй, “одоо” үетэйгээ хөл нийлүүлж алхмаар байна.

Ажил хэргээ амжуулах, утасны дугаар сануулах, өглөөний сэрүүлэг, өдрийн төлөвлөгөө, тэмдэглэл хийх, зураг авах, уйдсан үеийн зугаа гаргах гээд утасгүй ч юм байхаа больж угаасаа. Гэхдээ хэтэрхий хөгжиж буй технологид дарлуулалгүй, хүн хүнээрээ байхын төлөө.

Инээмсэглээрэй, 

Nikki нь.

2014 оны 3 дугаар сар 28

No comments:

Post a Comment